Хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийн зүгээс төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого, Хөрөнгө оруулалтын тухай хууль гээд ер нь төрийн бодлого шийдвэр ямар байгаа талаар ихээхэн сонирхож байсан. Тиймээс чуулганд оролцсон төрийн өндөр албан тушаалтнуудын байр суурийг хүргэж байна.
Л.Болд: Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтвортой хэрэгжинэ гэдэгт найдаж болно
Гадаад харилцааны сайд Л.Болд “Аливаа хөрөнгө оруулагчид тухайн улсын хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг судлах нь ойлгомжтой. Өнгөрсөн жилүүдэд манай улсын хууль эрх зүйн орчин, түүнтэй холбоотой дүрэм журмууд тийм ч тодорхой биш байсан. Би 2004-2008 оны хооронд Ашигт малтмалын газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Тиймээс энэ салбарын жаргал зовлонг гадарлана.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Зарим улс орон эдийн засгийн хөгжлийн талаар бус, эдийн засгаа яаж унагаачихгүй шиг авч үлдэх талаар арга сүвэгчилж суугаа. Энэ бэрхшээл манай улсад ч бий. Гэхдээ манай улсын эдийн засгийн өсөлт хамгийн өндөр буюу хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байгаа нь чухал үзүүлэлт юм.
Хөрөнгө оруулагчид хууль эрх зүй нь тогтворгүй гэсэн ойлголттой байж магадгүй. Бид энэ алдаагаа зассан.
Өөрөөр хэлбэл манай хөрөнгө оруулалтын тухай хууль таны эрсдэлийг хамгаалж тогтвортой үйлчилнэ гэдэгт найдаж болно. Хөрөнгө оруулалтын тухай хууль маань гадаад дотоодын гэж ялгахгүй тэгш үйлчилнэ гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
Цаашид ч хөрөнгө оруулагчдын тогтвортой ажиллагааг хангах олон ажлыг хийнэ” хэмээн Хөрөнгө оруулалтын хуулийн талаарх байр сууриа илэрхийлсэн.
Эх сурвалж: Өглөөний сонин