
Сүүлийн жилүүдэд мал сүрэг өссөн хэдий ч бэлчээрийн даац хэтэрсэн, малын төрөл хоорондын харьцаа алдагдсан, малын чанар буурсан, малаас хүнд дамжин халдварладаг зарим өвчний тархварын байдал өргөжсөн, малын гоц халдварт өвчин шинээр болон дахин сэргэж байгаатай уялдан мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нөхцөл хязгаарлагдмал болсоор байгаа. Үүнээс гадна малчид тархай бутархай байгаагаас мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж буурсан, үр ашиг нь багассан, байгаль, цаг уурын эрсдэл даах болон зах зээлд өрсөлдөх чадвар суларсан байна.
Хүн амын мах, сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа ч үйлдвэрийн аргаар боловсруулж бэлтгэсэн махны хэмжээ нийт үйлдвэрлэлийн дөнгөж 7 хувь, сүүний 4 хувийг тус тус эзэлж байгаа нь туйлын чамлалттай байгаа юм.
Мал аж ахуйн салбарт зарцуулах төсвийн хөрөнгө бусад улс орнуудтай харьцуулахад бага, төсвийн зарлагын 1,0 хувьд ч хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ салбарыг зах зээлд өрсөлдөх чадвартай салбар болгон хөгжүүлэхэд төрийн зохицуулалт хангалтгүй, хөрөнгө хүрэлцээгүй байна. Тиймээс мал аж ахуйн салбарын цаашдын тогтвортой хөгжлийг хангахын тулд цогц арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлэхээр “Монгол мал“ үндэсний хөтөлбөрийг боловсруулжээ.
Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм.
Хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйг төрөөс онцгой анхаарч, эрх зүй, эдийн засаг, бүтэц, зохион байгуулалтын нэн таатай орчин бүрдүүлж, тогтвортой хөгжлийг хангаж, сайн засаглалыг хөгжүүлэх, малын үржлийн ажил, үйлчилгээг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгож, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулан, биологийн төгс чанартай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн мал эмнэлгийн ажил, үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, малын эрүүл мэндийг баталгаажуулах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах аж.
“Байгаль орчны мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хадгалах, хамгаалах журам”, “Байгаль орчны мэдээллийн сангийн эх мэдээний дэлгэрэнгүй жагсаалт”-ыг баталсан Журам, жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.
Эрүүгийн хуулийн 15 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн тогтоолтой “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцаарай. Дээрх хуулийн 15 дугаар бүлэгт заасан “сэтгэл санааны гүнзгий хямрал”, “нярай”, “өөр байдлаар эрхшээлдээ байгаа”, ”харгис хэрцгий харьцсан”, “нүүрийг засаршгүй эвдэж”, “дүрсийг алдагдуулсан”, ”тохуурхан даажигнах”, “хүч хэрэглэхээр заналхийлсэн”, “амь биед аюултай нөхцөл” гэдгийг хэрхэн ойлгохыг Улсын дээд шүүхээс гаргасан тогтоолоос мэдэх боломжтой.
2010.06.21