Ц.Энхбаяр: Нягталсны дараа шийдвэрээ гаргана гэж найдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Ц.Энхбаяр: Нягталсны дараа шийдвэрээ гаргана гэж найдаж байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Ц.Энхбаяртай ярилцлаа.

Ц.Энхбаяр: Нягталсны дараа шийдвэрээ гаргана гэж найдаж байна

-Төрийн албаны зөвлөлөөс зарлагдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалт өнөөдрийг хүртэл асуудал дагуулсаар байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?      

-ЭМЯ-ны Төрийн албаны салбар зөвлөлөөс явуулж байгаа сонгон шалгаруулалт анхаарлын төвд байгаа нь үнэн. Сонгон шалгаруулалт өнгөрсөн 2013 оны нэгдүгээр сараас эхлэн жил тойрон хугацаанд явагдаж байгаа ч өнөөдөр ч гэсэн асуудал дагуулсаар байна. Асуудал байгаагийн  цаад шалтгаан нь Төрийн Албаны Зөвлөл(ТАЗ) ба Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн эрх зүйн чадамж болоод бусад асуудалтай шууд холбоотой гэж би үзэж байна. Яагаад гэхээр, ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалт гэхэд нэг жилийн дотор дөрвөн удаа зарлагдлаа шүү дээ. Эхнийх нь өнгөрсөн нэгдүгээр сард ЭМЯ-ны харьяа 15 эмнэлгүүдийн захирлуудын сонгон шалгаруулалт зарлагдсан боловч дүрэм журмандаа нийцээгүй гэдэг шалтгаанаар олон удаа хойшлогдож байж дөрөвдүгээр сард нэг юм явагдсан. Зарим оролцогчид залхаад дундаас нь хаяад явсан. Хүмүүсээ бүртгэчихсэн гэж байлгаж байгаад гэнэт нэг баасан гаригийн өглөө дуудаж, 24 цагийн дотор багтааж явуулах ёстой гээд өглөөний 08 цагаас шөнийн 02 цаг хүртэл нэг өдрийн дотор 50 гаруй хүмүүсээс хуулийн, компьютерийн, албан бичиг боловсруулалтын  болоод бичсэн төслүүдээр нь шалгаж байна гэж өрсөлдүүлсэн. Хамгийн сонирхолтой нь оролцогчдын дөрвөн том чиглэлээр бэлтгэж ирсэн төслүүдийг 15 минутын дотор бүгдийг багтааж үзүүл, илүү гарсан минут тутамд оноо хасна гэж шалгасан. 24 цаг нь дуусчих гээд ар араасаа машиндаж өгсөн дөө (инээв). Үүнийг оролцсон бүх хүмүүс гэрчилнэ. Энэ шалгаруулалтаар оролцогчдын тэн хагас нь унасан. Учир нь шалгалт яаж, хэзээ явагдах талаар ямар нэг ойлголт байхгүй, өмнө нь удирдамж, арга зүйн зөвлөлгөө болоод шалгалтын хуваарь өгөгдөөгүй, сонгон шалгаруулалт явагдаагүй олон жил болсон, олон хүнийг нэг өдөр давчуу хугацаанд шалгасан зэрэг нь оролцогчдыг төөрөгдүүлж, өрсөлдөх боломжоор хангаж өгч чадаагүй. Тэр үед зөвхөн тэнцүүлэх хүмүүстээ шалгаруулалт хэзээ яаж болох талаар мэдээлэл өгч, харин нийтэд нь мэдээллийг хаалттай байлгаж байгаад гэнэт явуулсан гэсэн яриа гарч байсан. Энэ шалгаруулалтаар ГССҮТ-ийн захиралд өрсөлдсөн хүмүүс тэнцэж чадаагүй. Ерөнхийдөө 15 төвийн зургаа нь захиралгүй үлдсэн. Үлдсэн зургаан эмнэлэг дээрээ дахин сонгон шалгаруулалт зарлаж, бүртгэл явуулаад 7 дугаар сарын 5-ны өдөр шалгалтаа өгөхөөр болсон.

-Тэгээд дараагийн шалгаруулалт нь бас ямар шалтгаанаар хойшилсон юм бол?

-ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар огцорсон гээд дахиад хойшлогдсон. ГССҮТ дээр дөрвөн хүн өрсөлдөх ёстой байсан. Гурав дахь удаагаа сонгон шалгаруулалтыг зөвхөн ГССҮТ дээр явуулахаар болж бусад тавыг нь үлдээсэн. Ингээд хүлээж байсан дөрвөн өрсөлдөгчийн дунд арванхоёрдугаар сарын 23-25-ны хооронд сонгон шалгаруулалт зарласан. Энэ үед нэг хүн нь нэрээ татсан, нэг нь гадаадад хувийн ажлаар явсан байсан, үлдсэн хоёр хүн дээр сонгон шалгаруулалт явуулах гэтэл ТАЗ нь хажуугаас нь оролцож “явуулахгүй, дахиад нээлттэй зарла” гэсэн. Ингээд дөрөв дэх удаагаа нээлттэй зарлаад, 2014 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр зөвхөн ГССҮТ дээр мөн сонгон шалгаруулалт зарлаж явуулсан. Гэтэл энэ шалгаруулалт нь маш өндөр шалгууртай байсан. Тухайлбал эрүүл мэндийн салбарт 20-оос дээш жил ажилласан, удирдах албан тушаал 10-аас дээш жил хашсан, АУ-ны доктор байх ёстой гэж байсан. Зургаан хүн бүртгүүлснээс, бичиг баримтаар ганц тэнцсэн нь  Хавдрын эмнэлгийн дарга мөн Мянганы сорилын сангийн эрүүл мэндийн салбарын захирал асан Адъяагийн Мөнхтайван гэдэг хүн юм. Энэ хүн нь Анагаах Ухааны докторын хуурамч дипломыг дэд профессор цолны хамт ОХУ-ын зах зээл дээрээс худалдаж авчирсан гэдэг мэдээлэл тарсныг бүртгэлийн шатанд сонгон шалгаруулалтын комисст мэдэгдсэн боловч тэнцүүлсэн. Уг нь шалгаруулалтын комисс бичиг баримтынбаталгаажилтыг заавал шаардах ёстой. Шаардлага хангасан нөхцөлд дараагийн  шатны шалгаруулалтад оруулах ёстой байсан. Гэтэл тэгсэнгүй. Эндээс төрийн албанд хуурамч бичиг баримтаар шургалах гэсэн үл бүтэх этгээдүүдийг төр анхааралдаа авч,шалган тогтоох шаардлагатай байгаа нь харагдаж байна.Өрсөлдөгчийн хувьд миний зүгээс хууль хяналтын байгууллагад хандсан байгаа. Одоо энэ хэрэг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилтан, ахмад н.Баярмаагэдэг хүн дээр шалгагдаж байна. Мөн УМХЕГ-ийн их, дээд сургууль хариуцсан байцаагч н.Эрдэнэчулуун гэдэг хүнд хүсэлтийг гаргасан. МХЕГ-ын боловсрол, шинжлэх ухаан хариуцсан хэлтсийн дарга н.Болормаа гэдэг хүнд хандахад  “хулхи дипломыг хянахад хэцүү, бараг боломжгүй зүйл гэсэн утгатай юм ярихад нь улс хянадаггүй юм бол би ч бас худалдаад аваад ирье” гэж хэлээд гарсан. Төрийн удирдах албаны хүмүүс авлигатай тэмцэх газраар хянуулж байж томилогддог хууль үйлчилж байгаа учраас мөн энэ байгууллагад хандаад байна.

-Нэг зүйлийг асуумаар байна. Өнгөрсөн хугацаанд таны эсрэг нэлээд хэл ам эсэргүүцэл гарсан. Ингэж  байхаар энэ албыг өгчихье гэж бодож байв уу?

-Энэ талаар өмнөх ярилцлагуудад хариулж байсан. Хэдийгээр над руу  маш их гүтгэлэг дайралтууд ирж байсан ч намайг томилсон нь хууль ёсных болохоор энэ албыг хариуцлагатай хаших нь миний үүрэг гэж үзэн ажилласаар байна. Энэ эмнэлэг бол хувийн компани биш төрийн үйлчилгээний байгууллага гэдгийг санах хэрэгтэй. Хуурамч бичиг баримтаар туг хийнсонгон шалгаруулалтаар гарч ирсэн гэх энэ хүнд улсын  албыг өгчихөөд явах тийм бодол байхгүй байна. Төр засаг үүнийг анхааралдаа аваасай гэж хүсч байна. Гэмтлийн эмнэлэг бол өвдөж зовсон хүмүүсээр мөнгө олдог хувийн компани биш улсын чухал объект гэдгийг дахин сануулахыг хүсэж байна. Ер нь энэ талаар хаа хаанаа бодох цаг болжээ. Ийм байдал даамжрах юм бол албан тушаалын хэзээ ч эвдэрдэггүй хана хэрэм бий болох шинжтэй юм. Одоо гэмтлийн эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Манай чадварлаг баг хамт олон гэмтэж бэртсэн хүмүүстээ тусламж үйлчилгээгээ үзүүлж байна. Зөв зохион байгуулалт, зөв менежментээр явахад удахгүй үлгэр жишээ эмнэлэг болноо гэдэгт итгэлтэй байдаг.

Эрүүл Мэндийн Сайд хашир улс төрч, туршлагатай удирдагч хүний хувьд А.Энхтайван гэдэг хүний докторын диплом нь хуурамч болон жинхэнэ эсэхийг тогтоосны дараа шийдвэрээ гаргана гэдэгт итгэлтэй байна. ОХУ-ын ЗГ-ын дэргэдэх дээд магадлан итгэмжлэлийн зөвлөлд (ВАК) эрдмийн зэрэг цол хамгаалсан хүмүүс албан ёсоор бүртгүүлдэг. Энд бүртгэлтэй хүнийг албан ёсны гэж үздэг юм билээ. Уг бүртгэлийг www.vak.ed.gov.ruмөн www.dissercat.ruсайтнаас  харж болно. Манай улсын олон эрдэмтэд ОХУд хамгаалсан нь бүртгэгдсэн байна. Тэдний овог нэрийг нь оруулангуут гарч ирж байгаа нь үүнийг нотолж байна.

-Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтад оролцох ёстой юм уу?    

Төрийн албаны зөвлөл нь салбар зөвлөлийн үйл ажиллагаанд шууд оролцож байгаа нь дүрэм журамдаа нийцэж буй эсэх нь өөрөө асуудал юм. Төрийн албаны зөвлөлөөс, бид салбар зөвлөлийн үйл ажиллагаанд оролцдоггүй, зөвхөн арга зүйн зөвлөгөө өгдөг гэсэн мөртлөө салбар зөвлөлийн ажилд шууд оролцож ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалт явуулах комиссыг баталсан 9 дүгээр тогтоолдөөрийн төлөөлөл болох ТАЗ-ын референт Н.Энхцэцэг гэдэг хүнийг  оруулсан байх жишээтэй.

Мөн сонгон шалгаруулалтын комиссын буюу шалгалт авч буй хүмүүсийн  эрх зүйн чадамж, чадварт асуудал байна. Комиссын бүрэлдхүүний эрүүл мэндийн салбарт олсон мэдлэг, боловсрол, дадлага, туршлага нь ихээхэн асуудлыг үүсгээд байгаа юм. Ганц жишээ дурьдахад эрүүл мэндийн салбарт ороод ганц сар ч болоогүй дөнгөж төгссөн хүнээр тус салбарт олон жил чанагдсан оролцогч нарын шалгалтыг авахуулах, оноо өгүүлэх, дүгнэлт гаргуулах зэрэг эрх олгож хүмүүс болон байгууллагын хувь заяаг шийдүүлж байгаа нь маш их хор уршигтай зүйл юм. Тэр тусмаа иргэдийн эрүүл мэндийг хариуцаж буй салбарын даргыг сонгох ажилд шүү дээ.

-Таныг гэмтлийн эмнэлэгт олон жил ажилласан, мэргэшсэн, туршлагатай эмч ажилтнуудын  албан тушаалыг бууруулж, ажлаас халж, оронд нь ажлын туршлагагүй,шинэ хүмүүсийг албан тушаалд тавилаа гэх мэт мэдээлэл цацагдаад байгаа. Энэ үнэн үү?      

-Энэ мэдээлэл ташаа байсан. Залруулж хэлэхэд, байгууллага болгон жил бүрийн эхэнд бүтэц, орон тоогоо шинэчлэн баталж, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөн явуулдаг. Үүнтэй адил манай ГССҮТөвийн  бүтэц, орон тоо  шинэчлэн батлагдаж, үйл ажиллагаа маань явагдаж байна. Өнөөдрийн байдлаар гэмтлийн эмнэлэгт батлагдсан төсвөөр 522 хүн ажиллах ёстойгоос 549 хүн ажиллаж байна. 60-68 насны зургаан хүн хөдөлмөрийнхуулийн дагуу тэтгэвэртээ гарч байна. Эдгээр хүмүүсийн дотор улсдаа олон жил,үр бүтээлтэй ажилласан гавъяатай, эрдэмтэй хүмүүс байгаа. Мөн ЭМЯ-наас явуулж байгаа Монгол-Солонгосын “Сөүл” төслийн хүрээнд Солонгос улсад суралцаад ирсэн есөн эмчийн оронд түр гэрээгээр ажиллаж байсан есөн эмчийн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Зарим тасгийн эрхлэгч, бага эмч нарын албан тушаалыг өөрсдийнх нь хүсэлтээр болон захиргааны санаачилгаар  өөрчилсөн.Эдгээр нь эмнэлэгтээ 7-оос дээш жил ажилласан дадлага, туршлагатай хүмүүс байгаа. Мөн ЭМС-ын тушаалаар батлагдсан заавал ажиллах ёстой зарим албадуудыг шинээр ажиллуулах, зарим ажлын байрыг орон тооны цомхтголд оруулсан  зэрэг өөрчлөлтүүд хийгдсэн. Энэ өөрчлөлтүүдийг мушгин гуйвуулж, олон эмчийг ажлаас нь халлаа гэсэн мэдээлэл цацагдсан байна.

Та гэмтлийн эмнэлгийн даргаар ажиллаад таван сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хийсэн ажлаа дүгнээд хэлэхэд мөн цаашид хийгдэх гэж буй ажлаасаа дурдахгүй юу?  

-Өнгөрсөнтаван сарын хугацаанд бид маш ачаалалттай ажиллаж, олон бэрхшээл, сорилтыг даван туулж, цаг наргүй, шаргуу ажилласны хүчинд олон зүйлийг хийж чадсан. Тухайлбал шинээр 15 журам, хөтөлбөр, удирдамжуудыгболовсруулж, баталсан. Байгууллагын хөгжил хөтөлбөр 2013-2016 он, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн хамтран ажиллах гэрээг дахин боловсруулж, хамт олноор 3 удаа хэлэлцүүлж, шинэчлэн баталсан. Тус эмнэлэг дээр 16 үндэсний хөтөлбөр, стратегууд хэрэгжиж байна. Түүнчлэн хүлээн авах, яаралтай тусламжийн ажиллах журам, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг зохицуулах журам, байгууллагын эрсдэлийн удирдлагын хөтөлбөр, төгсөлтийн дараахь сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулаад байна. 2013 оны үйл ажиллагааны тайланг гаргаж, 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж түүний дагуу ажиллаад явж байна. Шинэ оны босгон дээр тайлангийн хурлаа хийж, аварга тасаг, эмч, ажиллагсдаа тодруулж, шагнаж урамшууллаа. Мөн 2 хүний хөдөлмөрийн алдрыг тэмдэглэж, 4 хүн төрийн дээд одон медалиар шагнагдсан. Байгууллага нийтээрээ шинийн 4-нд сар шинийн золголтоо хийсэн.

Одоо цаашид тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, эмч ажиллагсдын мэргэшүүлэх, чадваржуулах сургалтыг үе шаттайгаар явуулах, Монгол Францын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийгдэж буй Францын төслийг амжилттай хэрэгжүүлэх, түлэнхийн төвийнхөө барилгын ажлыг эрчимжүүлэх, хамгийн гол нь иргэд болон хэвтэн эмчлүүлэгсдэд үзүүлэх үйлчилгээний соёлыг өндөр шатанд гаргаж хэвшүүлэх, эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, ажиллагсдын нийгмийн асуудалд түлхүү анхаарах, оношилгоо-эмчилгээ- үйлчилгээний орчин үеийн стандартыг дагаж мөрдүүлэх, гэмтсэн хүмүүст үнэ төлбөртэй хэрэглэдэг түгжээт хадаас, имплант, хиймэл үений асуудлыг цогцоор нь шийдэж өгөх зэрэг ажлуудыг хийх нь зүйтэй гэж үзэж байна.

-Таныг энэ эмнэлэгт анх ирэхэд байдал ямархуу байв?

Гадна талын газар нь байхгүй болсон, барилга байшин эргэн тойрон шигүү баригдсан, тэргэнцэртэй хүн битгий хэл явган хүн явах зай бараг байхгүй, түргэний болоод машин техникүүд нь чихэлдсэн, орц гарц байхгүй, хаалга үүд нь эвдэрч унасан, гэрэлтүүлэг байхгүй, орчны тохижилтгүй, бие засах газар  хомс учир хүмүүс эмнэлгийн гадуур бие засдаг. Дотор талдаа техник тоног төхөөрөмж бүгд хуучирсан, ашиглалтын хугацаа нь дууссан, тасгуудад засвар хийгдээгүй удсан байлаа. Үйлчлүүлэгчээс хууль бусаар мөнгө авдаг байдал нь газар авсан, мөнгөний  сүлжээнд орсон, ёс зүйн харьцаа хандлагын ихээхэн доголдолтой, тасгийн эрхлэгч, ахлах сувилагч нар нь нэг газраа олон жил болсон, мэргэжлийн монополь байдал бий болсон, өвчтнүүдийг сэтгэл зүйн болоод эдийн засгийн дарамтанд оруулдаг, төрийн албанд төрөл садангийнхаа хүмүүсийг ихээр оруулсан,  ажлын байрны дарамт ихтэй ийм л байдалтай байсан. Үүнийг засахын тулд бид дээрх бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн.

-Гэмтлийн эмнэлгийн тухай хэл ам, шүүмжлэл тасрахгүй байна. Ташаа мэдээлэл гарах үед цаг тухайд нь хариу мэдээлэл өгөөд байж болдоггүй юм уу. Танай эмнэлэг хэвлэл мэдээллийн албатай юу?      

Одоохондоо хэвлэл мэдээллийн ажилтангүй байгаа, шинэ бүтцээр гэрээгээр ажиллуулахаар болсон. Бидэнд худал мэдээлэл болгонд няцаалт хийх гээд байх шаардлага байхгүй. Хийх ажлууд их байна шүү дээ.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.     

Эх сурвалж: Өдрийн сонин
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж