Талийгаач 8000 метрийн өндөрт гарсан анхны уулчин байжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Талийгаач 8000 метрийн өндөрт гарсан анхны уулчин байжээ

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Болдбаатар Баян-Өлгий аймгийн Алтай таван богдын Малчин оргилд авиралт хийн, бууж явах үедээ осолдож, эрдэнэт амиа алдлаа.

Гавьяат тамирчин Л.Болдбаатарыг эрэн хайх ажиллагаа тав хоног үргэлжилсний эцэст өчигдөр буюу хоёрдугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагийн үед түүний цогцсыг олсон байна. Тэрээр охин Б.Үүрцайхын хамт Алтай таван богдын 4050 метрийн өндөртэй Малчин оргилд хоёрдугаар сарын 13-нд амжилттай авирсан ч уулнаас буух үедээ осолдсон гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгч байгаа юм. Гавьяат тамирчин Л.Болдбаатар агсан 8000 метрийн өндөрт гарсан Монголын анхны уулчин юм. Уулын спортынхны дунд хашир, туршлагаараа гайхагддаг “Уулын” хэмээх Л.Болдбаатар 2006 онд Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнагдаж байжээ.

Монголын уулчдын үндэсний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баянцагааны “Монгол HD” телевизэд өгсөн  ярилцлагыг хүргэж байна.

-Гавьяат тамирчин Л.Болдбаатар 2014 оны хоёрдугаар сарын 6-нд Баян-Өлгий аймгийн Алтай таван богдын Малчин оргилд авирахаар явсан байгаа юм. Харамсалтай нь уулчин маань оргилоос буухдаа осолдож, хүнд гарз тохиолоо. Өнөөдрийн /II.20/ 17:00 цагийн байдлаар цогцсыг олсон гэсэн мэдээллийг бид аваад байна. Л.Болдбаатар маань манай улсын анхны найман мянган метрийн оргилд гарсан анхны уулчин. Манай уулчид маш их хайрлаж, хүндэлж явдаг. Бидний хэлдгээр бол чадалтай, туршлагатай, сайн уулчин байсан. Харамсалтай нь, өвлийн авиралтын үеэр амь насаа алдлаа.

-Алга болсноос хойш долоо хоногийн хугацаа өнгөрлөө. Баян-Өлгий аймгийн ОБЕГ хоёрдугаар сарын 15-наас эхэлж, эрэл хайгуулын ажлаа эхлүүлсэн гэсэн. Авиралтын үеийн мэдээллийн та авсан уу?

-Бидний мэдэж байгаагаар хоёрдугаар сарын 13-нд 18:00 цагийн үед Малчин оргилд гарсан юм шиг байгаа юм. Тэгээд бууж яваад осолд орсон. Охин Б.Үүрцайх нь “Аав бид хоёр уулнаас бууж явсан. Аав охинтойгоо хамт Малчин оргилыг эзэллээ гээд маш их баярлаж байсан. Ингэж явахдаа гэнэт хальтирч, унаад нурангитай хол өнхөрсөн" гэсэн мэдээлэл өгсөн байгаа. Яг нарийн мэдээлэл бол алга. Тэгээд Баян-Өлгий аймгийн уулчид, ОБЕГ-ынхан, хилийн цэргийн ангийн цэргүүд мэдээлэл авсныхаа маргааш өглөө 06:00 цагаас эхлэн хайгуулд гарсан. Бараг 12, 13 цагийн дараа гэсэн үг. Үүнээс өмнө бол туслалцаа үзүүлж, хайгуул хийх боломж тун хомс байсан. Алтай таван богдын хайрхан маш салхи шуургатай, маш догшин. Хаврын яг энэ цаг мөчид бол онцгой догшин байдаг.   

-Охин нь ослын дараа аавыгаа олсон ч нас барчихсан байсан. Тэгээд тусламж авахаар цогцсыг орхиод бууж ирсэн гэх мэдээлэл байна?

-Гэрийнхэн рүү гээ ярихдаа тэгж хэлсэн байсан. Эхэндээ бид хашир туршлагатай уулчин амьд байж магадгүй гэж горьдлого тээж байлаа. Тэгээд долоо хоногийн хугацаа өнгөрөхөд найдлага тасарч эхэлсэн. Алтай таван богд маш ширүүн салхитай байсан учир дахин хүний амь эрсдэхээс сэргийлэн эрэн хайх багийнхан хайгуулаа түр зогсоож байгаад, өчигдөр буюу хоёрдугаар сарын 20-ны өглөө тэнгэр онгойхоор эрлийг үргэлжлүүлж, талийгаачийн цогцсыг олсон байна. Бидэнд одоогоор ийм мэдээлэл байна.

Гавьяат тамирчин Л.Болдбаатарын гэргий болон зарим уулчид өчигдөр
Баян-Өлгий аймгийг зорьсон бөгөөд  өнөөдөр талийгаачийн
цогцсыг уулнаас буулган, Баян-Өлгий аймагт авчраад байгаа гэх мэдээллийг албаны хүмүүс
өглөө.


Гавьяат тамирчин, уулчин Л.Болдбаатарын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж