Пёнчаны өвлийн олимпод дахин уулзъя!

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Пёнчаны өвлийн олимпод дахин уулзъя!

ОХУ-ын Сочи хотноо үргэлжилж буй XXII-р өвлийн Олимпийн уран гулгалтын талбайд өчигдөр /II.20/ мөсний хатад гайхалтай үзүүлбэрүүдээ толилуулсан билээ. "Сочи-2014" олимпийн наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэрт ОХУ-ын залуу тамирчин Аделина Сотникова 224.59 онооны үнэлгээрээр алтан медаль хүртсэн юм. Харин Ванкуверийн аварга БНСУ-ын Ким Юна 219.11 оноогоор удаалсан нь солонгосчуудад хүнд цохилт болжээ. Солонгосын бахархал Ким Юна хоёр үзүүлбэрээ өө сэвгүй, сайн гүйцэтгэсэн атал дэд байранд орсон нь  ард түмнийх нь хувьд маш шударга бус байгаа аж. Гэтэл Аделина Сотникова хоёр дахь үзүүлбэрийнхээ эхэнд бараг унах шахсан ч хүнд элемент олныг хийснээрээ оноогоор тэргүүлж, аваргаар шалгарсан нь хардлага төрүүлжээ. Үүнээс үүдээд “Youtube” сайтад тавигдсан тамирчдын өвлийн Олимпийн медалийн төлөөх үзүүлбэрүүд дор ОХУ, БНСУ-ын иргэд талцан ширүүн маргаан өрнүүлж байна. Оросуудын хувьд Аделинагаар бахархаж, түүний ялалтыг сайшаан, алтан охин гэцгээж байгаа бол тэдний эсрэг ялагдал хүлээсэн солонгосчууд уур бухимдлын үгс шидэлж байна. Уурссан Солонгосчууд Аделинаг алдаа гаргасан байхад шүүгчид оноог нь өргөсөн, магадгүй авилга авсан байх, хуурамч медалийн эзэн, Ким Юна түүнээс хамаагүй илүүг харуулсан ш дээ хэмээн бухимдах аж. Мөн ирэх 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчанд зохиогдох дараагийн өвлийн Олимпод дахин уулзъя оросуудаа гэж занах нэгэн ч байх юм. Түүнчлэн Оросууд угаасаа ийм ш дээ гэж гомдоллох хүн ч байна. Хойшид ч энэ талаар ОХУ, Өмнөд Солонгосын иргэд маргалдсан хэвээр байх бизээ.

Маргаан, хардлага дагуулсан хэдий ч XXII-р өвлийн Олимпийн уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан чөлөөт үзүүлбэрт ялалт байгуулснаараа Аделина Сотникова ОХУ-ын бахархал болж чадсан юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж