
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр /II.21/ бага үдийн зөвлөгөөнийхөө үеэр бурхны шашны тэргүүн Далай ламыг Цагаан ордонд хүлээн авч уулзахаар болжээ. Тэрээр Далай ламтай Хятадад хүний эрх, тэр дундаа түвдүүдийн эрх хэрхэн зөрчигдөж буйг авч хэлэлцэх аж. Гэхдээ АНУ-ын зүгээс Түвдийг Хятадын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, тэдний тусгаар тогтнолыг дэмжихгүй байх бодлого барьдаг билээ. Харин Хятадын албаныхны зүгээс Барак Обамаг Далай ламтай хийх улзалтаа цуцлахыг шаардаж, Түвдийг салан тусгаарлах үзлийг хөхүүлэгч Далай ламтай уулзсан гадаадын лидерүүд уулзалтынхаа үнийг төлөх болно хэмээн мэдэгджээ.
Барак Обама өмнө нь 2010 оны хоёрдугаар сар, 2011 оны долдугаар сард Далай ламтай уулзаж байсан юм.
Б.АНХТУЯА