
Дээрх чуулга уулзалтыг уул уурхайн үндэсний хэмжээний томоохон компаниуд дэмжин оролцож байгаа бол банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч “ХасБанк” энэхүү арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч “Алтан ивээн тэтгэгч”-ээр оролцож байгаа аж. Тус банк нь гурав дахь жилдээ “Coal Mongolia” олон улсын чуулга уулзалтыг дэмжин ажиллаж байгаа юм. “ХасБанк” Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбартай нягт хамтран ажилладаг бөгөөд үүний нэг тод жишээ нь сүүлийн гурван жилд уул уурхайгаар дагнаж ажиллаж байгаа явдал юм. Энэ ажлын хүрээнд “Уул уурхайн бизнес хөгжлийн төв” хэмээх төвийг тусгайлан байгуулсан байна. Энэхүү төв нь мэргэжлийн боловсон хүчнээр дамжуулан уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бэлтгэн нийлүүлэгч болон уул уурхайн бодит үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Өнгөрсөн жилд л гэхэд 200 орчим тэрбум төгрөгийн шаардагдах төсөл хөтөлбөрүүд дээр судалгаа шинжилгээг хийж, 100 орчим тэрбум төгрөгөөр тэдгээрийг санхүүжүүлсэн байна.