Иргэд 27 цэгээс зар мэдээлэл авдаг болов

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Иргэд 27 цэгээс зар мэдээлэл авдаг болов

Аймгийн төвийн иргэд Булган сумын ИТХ, Засаг дарга, ЗДТГ, багийн иргэдийн нийтийн хурал, Засаг дарга, сумын хэмжээний төсөвт болон улс, аймаг, сумын төсвийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжийн мэдээллийг хүлээж явах болжээ. Мөн сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран ажилладаг дотоод, гадаадын ашгийн бус байгууллага, төсөл хөтөлбөрийн нэгж, иргэний нийгэм, иргэдийн санаачлагын байгууллагын зар мэдээллийг шуурхай хүлээн авах боломжийг ч өргөтгөжээ.

Тэгээд ч сумын ЗДТГ санал гарган төсөл боловсруулж ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тог­тоолоор батлуулсан журмынхаа дагуу нийтэд зар мэдээлэл түгээх самбаруудыг бэлтгэж эхлэв. Тэдгээр самбарыг өөрийн байр­наас эхлээд зарим багийн төв, худалдааны зах, нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв зэрэг олон нийтийн  үйлчилгээний 30 шахам газар байршуулснаар дээрх боломж бүрджээ. Ялангуяа гэр хо­рооллын захын хэсгүүдийн иргэ­дэд төрийн мэдээллийг хүргэ­хийн тулд худаг, усан сангуудад самбар байршуулсныг иргэд талархан хүлээж авав. Тэдгээр самбараас иргэд  “Эдийн засгийн мэдээлэл”, “Хурлын мэдээлэл”, “Хууль тогтоомжийн мэдээлэл”, “Нийтийн хэрэглээний тухай мэдээлэл” гэсэн үндсэн дөрвөн  ангиллын мэдээлэл авч эхэллээ. Ямар чиглэлийн мэдээллийг аль хэсэгт байрлуулсныг иргэд сам­барт бичсэн зөвлөмжөөс тодруулж сонгон танилцах боломж бас бий болжээ.

Ж.МӨНХ-ОЧИР

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж