Өвлийн олимпт амжилт гаргах боломж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Өвлийн олимпт амжилт гаргах боломж байна

Сочигийн өвлийн олимпт манай улсын тамирчид тааруу амжилт гаргасан. Гэхдээ энэ нь бэлтгэл хийх орчин нөхцлөөр хомс, салбарын яамнаасаа дэмжлэг авч чаддаггүй манай тамирчдын буруу биш. Бэлтгэл хийх газаргүй тэд өдий хэрийн амжилт гаргаж байгааг нь харин ч магтууштай. Дээрээс нь Сочигийн цаг агаар ч амжилтад нөлөөлсөн гэх.

Гэхдээ Монгол Улс Сочингийн олимпт өмссөн хувцасаараа гурав­дугаарт орж чадсан. Үүнээс санаа авсан манайхан өөр юугаараа ялгарч, өвлийн олимпт амжилт гаргаж чадах төрлөө тодорхойлоод эхэлсэн бололтой. Харин энэ нь спортын төрөлтэй огт хамаагүй юм шүү. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нэгэн өдөрлөг зохион байгуулах гэж байгаа юм байна. “Өвлийн олимп-2014” өдөрлөг өнөөдөр болох бөгөөд энэ үеэр НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газар, агентлагууд, дүүргүүдийн ЗДТГ,  түүний харъяа байгууллагууд, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид цасны бүжгээр өрсөлдөх юм гэнэ билээ. Бас цасан хотхон байгуулж өөр хоорондоо өрсөлдөхөөр бэлтгэлээ базаажээ. Санадаг санаа байгаа биз. Энэ удаагийн өвлийн олимпоор энэ зарчмаар ажилласан бол хувцаснаас өөр олон зүйл дээр улсынхаа нэрийг гаргах байж л дээ. Спортын төрөлд амжилт гаргаж чадахгүй ч гэсэн орон орноос ирсэн зочид, тамирчдыг хөгжөөгөөд, тэр хэрээрээ “од” болоод байж байхгүй юу. Эмэгтэйчүүд нь бүжиглээд, эрчүүд нь цасаар гэр бариад, ер нь юу ч хийж болно. Хамгийн гол нь тэр бүхэн нь элэг хөшөөм, анхаарал татахуйц байхад л болно. Нийслэлийнхэн маань үүнийг уншиж байгаа бол дөрвөн жилийн дараа болох олимпт сайн бэлдээрэй. Амжилт гаргах боломж бидэнд бий шүү.

Т.УРАНГЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж