&#34Coal Mongolia&#34 мухардлаас гаргах уу?

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

&#34Coal Mongolia&#34 мухардлаас гаргах уу?

Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдыг нэгтгэсэн “Coal Mongolia-2014” олон улсын дөрөвдүгээр чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Жил бүрийн чуулга уулзалтаас энэ салбарт ажиллаж  буй гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхи, сонирхол ямар байгааг харчихаж болдог.  Өнгөрсөн жилийн чуулга уулзалттай харьцуулахад энэ жил харьцангуй хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Зохион байгуулагчдын зүгээс ч энэ удаагийн чуулга уулзалтад 1000 гаруй төлөөлөгч оролцохыг мэдэгдэж байсан.

Гэхдээ хүний тооноос илүү чуулга уулзалтын уур амьсгал ямар байгаа нь чухал биз. Энэ удаад гадаадынхан гэхээсээ илүү дотоодын оролцогчид их, өмнөхөө бодвол сайд дарга нарын идэвх нэлээд нэмэгдсэн байна лээ.  Жил бүрийн уулзалтаар  ярьдаг нөгөө л  сэдвүүдээ хөндөж, нүүрснийхэн байнгын ярьсаар ирсэн зовлон жаргалаа тоочиж байсан.  Хууль эрх зүйн орчин нэг үеэ бодвол тодорхой болж, Монголын төр тоглоомын дүрмээ ил зарлаад байгаа ч харамсалтай нь нүүрснийхэн итгэл муутайхан, амжилтаар бага байгаагаа дуулгав.

Албаны хүний өгсөн мэдээгээр нүүрсний салбарынхан өнөө, маргааш гээд хоёр өдөр чуулах юм байна. Чуулга уулзалт  нийт зургаан хэсэгтэй бөгөөд Засгийн газрын төлөөлөл, хайгуул, олборлолтын компаниуд, банк санхүүгийн байгууллагууд, инженерийн болон консалтингийн, ханган нийлүүлэгч компаниуд, мэргэжлийн холбоодын төлөөлөгчид оролцож байна. Түүнчлэн уул уурхайн салбарын компаниуд үзэсгэлэнгийн танхимд танилцуулга хийж, бизнесийн түншээ хайх боломжийг олгож буй. Чуулганы нэгдүгээр хэсэгт Гадаад харилцааны сайд Л.Болд “Монгол бол бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ загвар улс. Энэ нь сүүдрээ нуулгүй, нээлттэй байх үндэс болж байдаг учраас төр засаг нь ард иргэдийнхээ ирээдүйн төлөө хариуцлагаа ухамсарлаж ажиллахаас өөр аргагүй байдал руу хөтөлж байдаг. Засгийн газраас бизнесийн орныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого тууштай баримталж байна. Монгол Улсын Их хурлаас өнгөрсөн намар Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг баталсан. Өнгөрсөн онд нөхцөл байдал хэдий хүнд байсан ч гэлээ бид хоёр оронтой тооны өсөлтөө хадгалж чадсан бол энэ онд ч дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засгийн нэг байх болно гэдгийг дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна” гэж хэлсэн юм.

Нүүрснийхний хувьд хууль эрх зүйн орчин шинэчлэгдсэнд баяртай байгаа аж. Гэхдээ тэд энэ баяраас илүүү зовлонгоо хуваалцахаар ирсэн нь тодорхой байсан.  Өнгөрсөн жилүүдэд нүүрсний орлого муудаж, экспортын хэмжээ багасч буйд бухимдаж яваа нь илт. Уулзсан хүн болгоны амнаас "нүүрсний салбар сайнгүй байна" гэх чихэнд тааламжгүй мэдээ сонсогдох. Учир нь нүүрсний салбарт нүүрлэсэн хямралын даван туулах шинэ санаа алга байгаа болохоор тэр. Ерөнхийдөө тэгнэ, ингэнэ гэсэн мөрөөдлөөс илүү бодит гарц олох хэрэгтэй байгааг нүүрснийхэн төрдөө сануулав.  Жилийн жилд нүүрсний салбарын өнгө төрхийг өөдрөгөөр төсөөлдөгч харамсалтай нь жилийн эцэст үнэнд гүйцэгдээд шалдаа буудаг нь худлаа биш. Тийм ч учраас экспорт таг зогссон үед зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулга уулзалтаар гарцаа олж чадвал нүүрснийхэнд үзүүлж буй дэмжлэг тэр байхсан. Даанч асуудлыг яриа төдийнхнөөр өнгөрөөдөг өнгөрсөн жилүүдийн уулзалт шигээ хэдэн хүн цугларч баахан гомдол тавиад харих вий гэсэн  эмзэглэл тээж яваа нь цөөнгүй байна лээ.

Чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Нүүрсний ассоциацийн ерөнхийлөгч Т.Наран:

“Энэ жил 32 сая тонн нүүрс экспортолно гэж байгаа. Энэ бол механик тоо. Манайд жилд 50 сая тонн нүүрс олборлох хүчин чадал байгаа. Гэхдээ эдийн засгийн үр ашиг нь хэр байх нь уу гэдэг нь чухал. Ер нь Монголд 14 орчим компани нүүрс экспортолдог бол одоо 5-6 компани л экспортолж байна. Энэ нь Тавантолгой ордоос гурав, Нарийн сухайтын ордоос гурван компани 2013 онд Монголын нүүрсний экспортын 97 хувийг гаргасан. Хятадын зах зээл дээр дэлхийн олон компаниуд нүүрс нийлүүлж байна. Мэдээж эрэлтээсээ нийлүүлэлтийн хэмжээ давахаар үнэ унасан. Хямд үнээр нүүрс нийлүүлж дэлхийн зах зээлд өрсөлдөх боллоо. Манайх  татвар тооцохын тулд жишиг үнэ өндрөөр тавиад, 2010, 2011 оны үеийн арга барилаар хандсаар одоо нүүрсний үнэ хоёр дахин уначихлаа. Ийм арга барил одоо нийцэхгүй.  Үнэ ханш тонн тутамдаа ямар ч сайн чанарын нүүрс тонн тутамдаа 40 ам.доллараас дээш гарахаа болилоо. Үүнээс өндөр үнээр манайхаас авах улс байхгүй боллоо”.

Хүрэн нүүрсийг ашиглана

Ийнхүү нүүрсний салбараа өөд татахын тулд жишиг үнийн асуудлыг цэгцлэх, нүүрс шингэрүүлэх арга барил гэж олон жил ярьсан бол өөр нэгэн асуудлыг хурлын үеэр дууллаа.

“Coal Mongolia-2014” чуулганыг санаачлагч, “Минфо” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Наранбаатар:

“Энэ жилийн онцлог хууль эрх зүйн орчин тогтвортой болсон. Хөрөнгө оруулалтын тухай хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг гарсан нь хөрөнгө оруулагчид эргээд Монгол руу хандах хандлага эерэг болж байна. Гадаад зах зээл таагүй байгаа тул дотоодоосоо байгаа нөөц боломжоо ашиглах хэрэгтэй. Энэ хүрээнд асар их нөөцтэй хүрэн нүүрсийг ашиглах талаар яригдаж эхэлж байна. Түүнчлэн саяхан “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуян хэвлэлээр ярьж байсныг энд онцолж болно. Энержи ресурс компани 15 сая тонн нүүрс угаах үйлдвэр ашиглалтад оруулчихсан байгаа юм байна. Үүнээсээ 10 сая тонныг ашиглажээ. Энэ нөхцөл боломжийг ашиглах тухай ярьсан.  Эрдэнэс Тавантолгой ТӨХК нүүрсээ угаахгүй гаргаж байгаа учраас маш хямдаар гарч байна. Тиймээс нүүрс угаах үйлдвэрийн үлдсэн таван сая тоннын хүчин чадлыг ашиглаж Эрдэнэс Тавантолгой компани нүүрсээ угааж гаргавал илүү нэмүү өртөг шингэсэн болж гарна. Төр, хувийн хэвшлийн энэ хоёр том компани ойлголцолд хүрсэн нь их том дэвшил болох нь. Энэ асуудал улам бүр тодорхой болвол хэзээнээс хэрхэн нүүрсээ угаах талаараа ярилцах байх” гэсэн юм.

Нүүрсний салбараас ашиг олохын тулд ийнхүү төр , хувийн хэвшил хамтрахаас гадна асар их нөөцтэй байгаа хүрэн нүүрсийг ашиглах санал ийнхүү гарч байна. Нүүрсний экспортын зах зээлийн маш хүчтэй өрсөлдөөн дунд бид байгаа тул Монголын нүүрсний нөөцийн ихэнх  нь байгаа хүрэн нүүрсийг ашиглах хэрэгтэй ажээ. Тэгвэл өнөөгийн байдлаар хүрэн нүүрсний маш бага хэрэглээтэй. 150-160 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй хэрнээ 10  хүрэхгүй сая тонныг ашиглаж чадаж байна. Ингээд тооцоход хэдэн мянган жилийн хэрэглээ ажээ. Тиймээс бид энэ их баялгийг боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортлох хэрэгтэй талаар салбарынхан хэлж байна. Ийнхүү  экспортын баримжаатай нүүрсний үйлдвэрлэлээс илүү дотоодын хүрэн нүүрсийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах дээр анхаарал хандуулж байгаа ажээ.

Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт маргааш үргэлжилнэ.
 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж