Ванесса Мэй гэдэг нэрийг мэддэг хүмүүсийн ихэнх нь түүнийг залуухан хийл хөгжимчин, бяцхан Паганини гэдгээр нь л мэдэх байх. Дашрамд дуулгахад, үзэгчдийн урлагийн тайзан дээр л харж дассан бүсгүй 35 нас хүрсэн бөгөөд сүүлийн үед хийл хөгжмөөс илүү уулын цанатай нөхөрлөх болжээ.
Хийлчин-тамирчин бүсгүйн өөрийнх нь ярьснаар уулын цанаар бүр дөрвөн настайгаасаа буюу анх төгөлдөр хуур хөгжим тоглож сурч байхдаа хичээллэж эхэлсэн аж. Жилийн дараа ээж Памела Николсон түүнд хийл хөгжим зааж эхэлснээр уулын цаныг хоригложээ. Сингапурт төрсөн охиноо ааваас нь салсныхаа дараа Их Британид авчирсан ээж нь уулын эгц уруу цанаар буух аюултай гэж бодсон бололтой. Түүнийг хөгжим тоглодог гар, хуруугаа гэмтээхээс айсан байх. Удлгүй уулын цанын араас морь унахыг нь ч хоригложээ.
Ванесса морь унахыг нь хориглосонтой эвлэрсэн ч уулын цанаар гулгаж чадахгүй болсноо хүндээр хүлээж авсан юм. Нэг удаа тэр ээжээсээ яагаад уулын цанаар гулгаж болохгүй мөртлөө концерт тоглохын тулд парапланаар хөлдүү нуурын дээгүүр нисч болдог юм бэ гэж асуужээ. Түүний ярьснаар ээж нь “Хэрвээ чи нисч байгаад унаж амь насаа алдвал энэ нь урлагийн төлөө байсныг бүгд мэдэх болно. Чамд зориулсан том эмгэнэл бичиж, чи түүхэнд агуу хөгжимчин гэж бичигдэнэ” гэж хариулсан гэдэг.
Товчхон хэлэхэд, менежерээр ажилладаг ээж нь охиныхоо цагийн хуваарийг хатуу хянадаг байсан учир цанын тухай нэг хэсэгтээ мартахаас өөр аргагүй болсон аж. Харин Ванесса 21 нас хүрмэгцээ Памелатай ажил хэргийн холбоогоо тасалжээ. Тэр цагаас хойш ээж, охин хоёр нэг ч үг солиогүй гэдэг. Дотно хүнтэйгэээ холбоогоо тасалсан нь түүний хөгжимчний замналд саад болоогүйгээр барахгүй Ванесса эцсийн эцэст уулын цанаар хичээллэх боломжтой болсон юм. Цанаар гулгах нь түүнд үнэхээр таалагддаг учир Ванесса олимпод оролцох хэрэгтэй гэж шийдсэн байна.
2002 онд тэрбээр Солт-Лейк-Ситид болсон өвлийн олимпын наадамд оролцох гэсэн боловч бүтээгүй юм. Британийн олимпийн хороо түүнд татгалзсан хариу өгч, харин тэр эцгийнхээ төрсөн нутаг болох Тайландын шигшээ багийн бүрэлдэхүүнд орохоос татгалзжээ. Учир нь Банггокийн тавьсан зарим нэг нөхцөл түүнд таалагдаагүй аж. Тухайлбал, түүнийг Их Британийн иргэншлээс татгалзахыг шаарджээ.
Сочигийн олимпт орохын тулд Мэй 2010 оноос идэвхтэй бэлтгэж эхэлсэн байна. Гэвч Их Британийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж мөн л чадсангүй. Учир нь түүний Олон улсын цанын холбоо (ОУЦХ)-нд эрэмблэгдсэн чансаа хэтэрхий доогуур байжээ. Харин энэ удаа Тайланд улс түүнд улсынхаа далбаан дор олон улсын тэмцээнд оролцож, олимпийн эрхийн оноо цуглуулах боломж өгчээ. Энэ улсын шигшээ багт түүнтэй өрсөлдөөд байх нэг ч хүн байхгүй.
Цанын холбооны дүрмээр ОУЦХ-ны топ 500 цаначдын дунд төлөөлөл байхгүй улс олимпт эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин оруулах боломжтой аж. Гэхдээ тэдгээр тамирчид нь 140-өөс илүүгүй оноо авсан байх шаардлагатай. Уулын цанын төрөлд оноо бага байх тусам сайн гэж үздэг.
Мэй 2013 оноос Тайландын нэрийн өмнөөс уралдах болсон бөгөөд анхны тэмцээн нь Шинэ Зеландын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн байлаа. Харамсалтай нь тэр алдаа гаргаснаас болж тэмцээнээс хасагдсан юм. Гэвч удалгүй бүх зүйл сайнаар эргэж, Ванесса чансаагаа нэмэгдүүлж эхэлжээ.
Тайландын шигшээ багт эцгийнхээ Ванакорн овогтой хүчин зүтгэж буй Мэй олимпын наадмаас өмнө Норвеги, Швед, Итали, Словени, Швейцарьт хурд, хүчээ сориод амжсан байна. Бүх гараанд 140-ийн босгыг давахгүй байж чадаагүй ч гэсэн Сочид тэр иржээ. Тамирчин-хийлчний менежерийн ярьснаар Ванесса Сочигийн олимпт арай л гэж ирсэн гэнэ.
Ванесса Сочид ирсний дараа “The Daily Mail”-д өгсөн ярилцлагадаа дээд түвшинд урилдах нь түүни мөрөөдөл гэдгийг онцолжээ. Гэхдээ тэрбээр уулын цаныг өөрийн хобби, харин хөгжим бол түүний амьдралын гол зорилго гэсэн байна. Мөн Ванесса Сочид цагийг сайхан өнгөрүүлж, юуны түрүүнд дэлхий нийтэд Тайландыг сурталчлахын зэрэгцээ дэлхийн шилдэг уулын цаначидтай мөр зэрэгцэн уралдах бодолтой байгаагаа хэлжээ. “Би тэдэнтэй өрсөлдөх гээгүй. Зүгээр л тэдэнтэй хамт уралдахыг хүсч байна. Эцсийн эцэст үүнд л олимпийн утга санаа оршиж байгаа шүү дээ” гэж Мэй-Ванакорн мэдэгджээ. Үнэхээр ч Ванессагийн Сочид үзүүлсэн амжилтаас харахад энэ нь ойлгомжтой байна. Мягмар гарагт болсон урьдчилсан гараанд Мэй сүүлийн 74 дүгээр байр эзэлжээ. Гэхдээ Ванесса уралдааны замаас гарсан 15 өрсөлдөгчийг ардаа орхисон гэдгийг хэлэх хэрэгтэй. Ванесса уралдааныг тэргүүлсэн Словенийн Тина Мазегаас 26.98 секундээр хоцорчээ. Хоёр дахь шигшээ уралдаанд Тайландын тамирчин Ванесса Ванакорн 24.21 секундээр хоцорч мөн л хамгийн сүүлийн байрт орсон байна. Цаначин бүсгүй уралдааны замаа дуусгаж, 67 дугаар байр эзэлжээ. Тэмцээний дараа тэрбээр өөрийн боломжоо дүгнэж үзээд энэ олимп түүний эхний бөгөөд сүүлийнх хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин