Тусгай боомт ГИХАЭГ-т шилжинэ

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Тусгай боомт ГИХАЭГ-т шилжинэ

Тусгай боомт гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжинэ

УИХ-ын чуулганы 12-р са­рын 26-ны өдрийн хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төслийг баталсан билээ. Хууль батлагдсанаар улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлж, бүртгэлийн нэгдсэн сан байгуулах үүрэгтэй Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллага шинээр бий болж байгаа аж. Мөн тус байгууллага нь Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газартай хамтран гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, манай улсад зорчиж буй гадаадын иргэдийг улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэлх хугацаанд хяналт тавих үүрэг хүлээх юм байна. 

Эл хууль хэрэгжсэнээр хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндэс бий болж байгаа бөгөөд хилийн боомтыг зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх ажлыг Боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах боломж бүрдэж байгаа гэнэ. Мөн хилийн боомтод хийгдэж буй хяналт шалгалт чанаржиж, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо бэхжиж, албан хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгаа сайжрах аж.

Уг хилийн боомтын тухай хууль нь энэ оны 4-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжиж, тус газар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нэртэй болох юм байна.

Урьд нь хилийн боомтын та­лаар тухайлсан хууль байдаггүй­гээс хилийн боомтын хөгжлийн бо­лон ажиллагсдын нийгмийн асуу­дал нэгдсэн бодлого, зохицуулалт­гүй явж иржээ.

Ийнхүү Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0101-р ангийн шалган нэвтрүүлэх тусгай боомт, Сэлэнгэ аймаг дахь Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжиж буй аж.

Ч.ОТГОНЦЭЦЭГ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж