Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Том төрөөс ухаалаг төр лүү" санаачилгыг дэмжиж төрийн байгууллагууд хэлэлцүүлэг явуулж, авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөн ажиллаж байна.
Ухаалаг төр гэж юуг хэлэх вэ. Яагаад ухаалаг төр шаардлагатай болов. Дэлхий нийтийн чиг хандлага ямар байна вэ. Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагаа ямар байх вэ? Өнөөдөр бид энэ асуудлаар мэдээлэл сонсон ярилцах болно. Энэ арга хэмжээнд мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож байна. Ухаалаг төрийн талаарх ойлголтоо нэгтгэсний дараа ажилтан, нэгж, хэлтэс бүр ухаалаг төр лүү шилжих алхамыг урагшлуулах санаа оноогоо гаргаарай. Долоо хоногийн дараа бид эргэн уулзаж та бүхний гаргасан санааг хэлэлцэх болно” гэлээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглалын багийн ахлагч Ц.Даваадулам шинэтгэлийн нэр томьёог зөв хэрэглэх, захиргааны шинэтгэлийн элементүүд, төрийн үйл ажиллагааны чадавхийг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх талаар тодорхой мэдээлэл өгсөн. Мөн төрийн захиргаан дахь хуулийн засаглал, олон улсын практик, хариуцлагын тогтолцооны талаар ярьсан бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, яагаад ухаалаг төрийн асуудал хөндөгдөв, ухаалаг төр лүү шилжихэд Улсын Их Хурлын Тамгын газар ямар үүрэгтэй байх талаар өөрийн бодлоо илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.