Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн салбарт хийх ажлаа олон нийтэд танилцуулсан, мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлсэн 100 ерөнхий боловсролын сургуулийг хими, физикийн хичээлийн орчин үеийн лабораторийн нээлт болсон билээ. Энэ жил мөн ерөнхий боловсролын 100 сургуулийг нэмж лабораторитой болгох аж. Мөн Засгийн газрын зарим сайд орон нутагт ажиллаж байгааг Ерөнхий сайд онцлов. Тухайлбал, Соёл, спорт, аялал, жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Ховд аймагт ажиллаж байгаа юм байна. Харин ирэх долоо хоногоос хэд хэдэн сайд орон нутагт ажиллахаар төлөвлөжээ. Ийнхүү өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хийсэн ажлыг танилцуулсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал ажлаа өгсний дараа элдэв мэдээлэл тархаж байна. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Сонин хэвлэлээр гарч байгаа мэдээллийг 100 баталгаатай гэж үзэх хэцүү. Төрийн өмчийн хороонд Хөрөнгийн биржид шалгалт оруулаад дүнгээ хэл гэсэн чиглэл өгсөн. Юу нь зөв, юу нь буруу гэдгийг шалгалтын дүнгээр гарах болно.
-Саяхан шатахууны үнэ нэмэгдлээ. Ер нь шатахууны үнэ орон нутагт ч гэсэн нэмэгдэх хандлагатай байна. Засгийн газраас арга хэмжээ авах уу?
-Шатахууны хувьд бид тодорхой байр сууриа илэрхийлсэн. 10-20 төгрөгөөр нэмэгдвэл бид арга хэмжээ авахгүй. Харин 90 төгрөг түүнээс дээш төгрөгөөр нэмэгдэх боломж байхгүй. Хэрэв 90 төгрөгөөс дээш нэмэгдвэл шударга өрсөлдөөний хууль зөрчиж байгаа гэж үзэж, арга хэмжээ авна. 90 төгрөг ч биш 50 төгрөгөөр нэмэгдэх шалтгаан байхгүй.
-Үйлдвэржилтийг дэмжих зорилгоор энэ жил нэг их наяд төгрөг зарцуулахаар болсон. Энэ хүрээнд 1150 төслийн эхний ээлжийн санхүүжилтийг гуравдугаар сарын 15-нд олгоно гэж байсан. Төслийн сонгон шалгаруулалтын явцад санхүүжүүлэх боломжтой хэр олон төсөл байна вэ?
-Одоогоор ирсэн төслүүдээ ангилах, танилцахад багагүй цаг хугацаа орж байна. Эхний ээлжинд импортыг орлох 776, экспортын төслүүд 121 ирсэн байгаа. Төслийн үнийн дүн ямар байгаа, экспорт, импортыг орлох төслүүдийг санхүүжүүлнэ. Засгийн газар шаардлага хангасан төслүүдийг дэмжих бодлого барьж байгаа. Нэг их наяд төгрөгөөр санхүүжих боломжтой төслүүдийг цааш нь дэмжих, өөр санхүүгийн эх үүсвэр хайх талаар ажиллана. Мэдээж шаардлага хангахгүй төслүүдийг буцаана.
-Тагнуулын ерөнхий газрын дутуу баригдсан барилгыг маргааш дуудлагаар худалдана. Энэ мэт төрийн өмчийн хэдэн барилгыг дуудлага худалдаанд оруулах вэ?
-Тагнуулын ерөнхий газрын дутуу барьсан барилгыг 13,5 тэрбум төгрөгөөс эхэлж дуудлага худалдаанд оруулна. Энэ байшинг яагаад дуудлага худалдаанд оруулах болсон гэхээр Тагнуулын ерөнхий газрын шинэ барилгын байршил нь буруу, метр квадратын үнэ бага, тоног төхөөрөмж хийх боломжгүй учраас энэ барилгыг дуудлага худалдаанд оруулж байгаа юм. Цаашид их олон барилгыг дуудлага худалдаагаар зарна. Царцаасан төсвийн барилгуудад аудитын шалгалт хийж байгаа. Энэ шалгалт дууссаны дараа аль барилгыг нь дуудлага худалдаагаар борлуулах вэ гэдгийг тодорхойлж, УИХ-аар батлуулна.