Гурвалсан гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Гурвалсан гэрээ байгууллаа

 Нүүрс ангилан олборлох технологийн гурвалсан гэрээ байгуулагдлаа


/ХБНГУ-ын Виртген групп, Шивээ-Овоо ХК, “Жи-Эм Си” Групп хамтран гурвалсан гэрээ байгуулав/

Өнөөдөр Coal Mongolia-2014 чуулганы үеэр ХБНГУ-ын Виртген групп, Шивээ-Овоо ХК, “Жи-Эм Си” Групп хамтран Шивээ-Овоогийн уурхайд нүүрс ангилан олборлолтын дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх боломжийг судлах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Виртген группын SM-2200 маркийн нүүрс ангилан-олборлох комбайныг Шивээ-Овоогийн уурхайн талбарт Монголд анх удаа туршилтаар ажиллуулах юм. Туршилтын олборлолтыг уурхайн 2-р амны ашиглалтын нөхцөл нэн хүнд, нүүрсний давхрага нь олон салаалсны улмаас нүүрсний чанарт сөргөөр нөлөөлдөг, ашиглалтын зардал өндөртэй хэсэгт явуулах аж. Шивээ-Овоо компанийн хүсэлтийн дагуу “Жи Эм Си” групп, Виртген группын мэргэжлийн инженерүүдийн баг уурхайн нүүрс, хөрсний чулуулгаас дээж авч, олборлолтын нөхцөл байдал, үйлдвэрлэлийн зардалд нарийвчилсан судалгаа хийсэн байна.

Шивээ-Овоогийн уурхайн захирлын зөвлөлийн хурлаар уг судалгааны тайланг хэлэлцэж, нүүрс, хөрсийг ангилан-олборлох Виртген технологи нь Шивээ-Овоогийн уурхайд нэн тохиромжтой болохыг дүгнэж, уурхайн зүгээс санхүүгийн болон технологийн ямар нэгэн эрсдэлгүй байх нөхцлөөр туршилтын олборлолт хийх гэрээг ийнхүү үзэглэсэн байна.

Туршилт үр дүнтэй болвол уурхайн өрөмдлөг, тэсэлгээний болон бутлуурын цехийн зардал хэмнэгдэж,  нүүрсний чанар илчлэг нь дээшлэх боломжтой аж.  Шивээ-Овоогийн уурхайн нүүрсний үнэ хэт доогуур байдгаас ихээхэн алдагдалтай ажилладаг бөгөөд өнгөрсөн онд гэхэд л 3,2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.  Цаашдаа уурхай гүнзгийрч хөрс хуулалт нь нэмэгдэх тул нүүрс олборлолтын зардал нь улам өсөх юм байна. Уурхайн шинэ удирдлагын баг нүүрсний үнийг нэмэх механик арга хэрэглэхээсээ илүүтэй үйлдвэрлэлийн зардлыг хэмнэх, олборлолтын шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, менежментийн арга барилаа өөрчилж үр ашигтай ажиллах чиглэлээр ихээхэн анхаарал хандуулж байна. Виртген брэндийн комбайнаар нүүрс ангилан олборлох туршилтын үйлдвэрлэл Шивээ-Овоогийн уурхайд амжилттай хэрэгжвэл уурхайн үр ашигтай олборлох нүүрсний нөөц үлэмж хэмжээгээр нэмэгдэхийн сацуу техник, технологийн дэвшлийг төрийн өмчит уурхайнуудад нэвтрүүлж, зардал хэмнэх жишиг тогтох давуу талтай.

Ингэснээр төвийн эрчим хүчний системийг чанар сайтай нүүрсээр хангаж хэрэглэгчидэд хүрэх дулаан, цахилгааны эрчим хүчний үнийг тогтвортой байлгахад үр өгөөжөө өгөх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж