Ч.Гансүх нарыг 20 өмгөөлөгч өмгөөлж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Ч.Гансүх нарыг 20 өмгөөлөгч өмгөөлж байна

Үндэсний татварын ерөнхий газар/ҮТЕГ/-ын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат нарын 13 хүний авлига хээл хахуульд автсан, гэнэт хөрөнгөжсөн гэх хэргийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид дөрөвдахь өдрөө үргэлжилж байна. Энэ хэрэгт ҮТЕГ-ын хэлтсийн дарга нар ,байцаагчид ШШҮТ-ийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Б.Жаргал тэргүүтэй шинжээч нарын 13 хүн шүүгчдэгчээр оролцож байгаа юм.

Хурлын явцыг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах Л.Мөнхтуяагаас тодруулахад “Хуралдаанд 20 өмгөөлөгч, есөн гэрч оролцож байна. Яг одоогоор хэргийн нотлох баримтуудыг шинжлэн судлаж байна” гэж мэдээллээ. Дөрөвдахь өдрөө шүүн хэлэлцэж байгаа энэхүү хэргийн анх шалгасан шалтгаан болон мөрдөн байцаалтын явцын талаар эргэн сануулахад,

Тэднийг яагаад шалгах болов?

ҮТЕГ-ын Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний бага хүү Г.Ганзул, эгч  Ч.Даваасүрэн, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн нарыг өнгөрөгч 2013 оны хоёрдугаар сард Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас саатуулан шалгаж эхэлсэн. Нэр бүхий компаниудын гомдлын дагуу тэднийг бусдаас их хэмжээний хахууль авсан, хууль бусаар гэнэт хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн эхэлсэн байдаг.

Хэргийн шалгалтын явцын талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат “ҮТЕГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийн бага хүүгийн дансаар 16 тэрбум төгрөг эргэлтэд орсон байдаг. Мөн Америкт амьдардаг том хүүгийнх нь дансанд сая гаруй ам.доллар эргэлдэж байсан гэдгийг тогтоосон. Ч.Гансүхийн аав болох 80 орчим настай н.Чимэдийн дансанд мөн 1.2 сая ам.доллар байршиж байсан” гэж мэдээлж байсан. 

Одоогийн байдлаар Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын дансанд эргэлдсэн гэгдэх 16 тэрбумын учрыг АТГ-т тусгаарлан шалгаж байгаа.

Мөрдөн байцаалтын явцад Ч.Гансүх нарыг 6.6 тэрбумын төгрөг зувчуулсан гэж үзжээ

АТГ-аас мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн прокурорын газарт хянасан энэхүү  хавтаст хэрэгт Ч.Гансүх нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг хүчингүй болгуулсан хэрэгт шүүгдэгчээр татсан байна. Ингэхдээ улсын төсөвт төвлөрөх ёстой онц их хэмжээний буюу 5. 147 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээгүй, 1,519 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг  хууль бусаар олж авч,  хөрөнгөжсөн,  онц их хэмжээний хээл хахууль авахыг завдсан  ,албан үүрэгтээ хайнга хандаж онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж үзээд байгаа юм.

Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ч.Гансүх нарыг шүүх хурал өнөөдөр дуусахгүй маргааш буюу тавдахь өдрөө үргэлжлэх бололтой.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж