Сочи дахь бээлийний эрэлт

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Сочи дахь бээлийний эрэлт

Таван өөр өнгийн хуруутай цагаан бээлий Сочийн олимпийн гол сувенир болж байна. Олимпийн тосгон дахь бэлэг дурсгалын дэлгүүрийн гадна “стандарт бус” том хэмжээтэй байрлуулсан сурталчилгааны самбарт тэр бээлий нэлээд зайг нь эзэлж байгаа гэхээр олимпийн бэлэг дурсгалын гол бүтээгдэхүүн нь тэр бололтой. Гэхдээ Хар далайн эрэг дэх Сочид +15 хэмийн дулаан байхад олимпийн зочдын сонголт бээлий байна гэдэг юу л бол…

Сочийн олимпийн үндсэн тосгонд ердөө ганц л бэлэг дурсгалын том дэлгүүр бий. Тэр нь олимпийн түнш, албан ёсны борлуулагч, Оросын үйлдвэрлэгч “Bosco di Ciliegi”-гийнх. Тэр дэлгүүрээс олимпийн бэлэг дурсгалын зүйл авахын тулд бүтэн цаг гаруй, зарим үед хоёр цаг ч дугаарлан зогсч буй тухай Сочид ажиллаж буй хэвлэл, мэдээллийнхэн, олимпийн зочид мэдээлж байна. Олимпийн тосгоноос гадуурх бусад дэлгүүрүүдэд барааны сонголт ховор, хүрэлцээ багатайгаас гадна гаднаас нь хараад дэлгүүр гэж ялгахад хэцүү, тухайлбал, уулын бүсэд экстрим спортын талбайн ойролцоох дэлгүүр нь хоолны газар, эсвэл нийтийн бие засах газар шиг  харагдаж байгааг шүүмжлэх нэгэн ч байна.

“Бид олимпийн үеэрх худалдан авагчдын эрэлт, хэрэгцээг үнэхээр дутуу үнэлсэн байна. Ийм их хэмжээний эрэлт үүснэ гэж төсөөлөөгүй. Бидний тооцоолсноос хэд дахин даваад байна” хэмээн “Bosco”-гийн маркетингийн дэд захирал Ольга Черносвитова гэгч бүсгүй ярьжээ. “Bosco” 2002 оноос ОХУ-ын үндэсний шигшээ багтай хамтран ажиллах болж, олон улсын тавцанд Оросын тамирчдын хувцас, хэрэглэлийг хангах болжээ. Энэ удаад ч олимпийн гол түнш нь тэд. ОХУ-ын могул Михиал Куснировичийн эзэмшилд байдаг тус компани Оросын тамирчдын Сочийн гоёлыг бүгдийг нь бэлтгэсэн билээ. Орос өв уламжлал, үндэсний хэв маяг шингээсэн загваруудаараа тэд олон улсын төвшинд өндөр үнэлгээ авсан.

Олимпийн бүтээн байгуулалт, дэд бүтцэд 51 тэрбум ам.доллар зарлагадсан ОХУ олимпийн барилга, байгууламждаа гойд анхаарсан ч албан ёсны зөвшөөрөлтэйгээр олимпийн бараа, бүтээгдэхүүн борлуулах газрын асуудалд хайнга хандсан бололтой. Зохион байгуулагчдын зүгээс олимпийн бараа, бүтээгдэхүүн худалдах цэгүүдийн хэмжээ, байрлал, хамрах хүрээ зэргийн талаар, басхүү зочид Олимпийн тосгоноос бэлэг дурсгалын зүйлс худалдан авахад үнэхээр бэрхшээлтэй байгаа тухай одоогоор тайлбар өгөөгүй байна. Тэдний зүгээс олимпийн түнш 55 байгууллагын 5500 гаруй нэр, төрлийн бараа бүтээгдэхүүнээс 500 сая ам.долларын орлого олно гэж төлөвлөжээ. Үүнээс албан ёсны эрхийн зөвшөөрлөөс 30 саяыг олох гэнэ.

Сочитой харьцуулахад, Ванкуверийн өвлийн олимпийг зохион байгуулагчид зөвхөн зөвшөөрлөөс 50 саяыг олсон бол хоёр жилийн өмнөх Лондонгийн олимпийн үеэр 10 мянга гаруй төрлийн бүтээгдэхүүн борлуулах зөвшөөрлийг 130 саяар үнэлжээ.

Гэхдээ ОХУ-ыг Европ, эсвэл АНУ-тай харьцуулах аргагүй гэдгийг “Bosco”-гийн маркетингийн мэргэжилтэн хэлж байна. Хэдий тийм ч барааны сонголт тааруу, дээр нь зарим нэг барааны үнэ хэтэрхий өндөр байгаа аж. Мурманскийн оюутан залуу дугуйн уралдааны хослол авах гэж хоёр цаг дугаарлаад орсон ч өөрт нь таарах размер олдоогүй гэнэ. Өнгөний хувьд ч асуудалтай, хамгийн боломжийн өнгө болох цэнхэр нь дууссан, үзмэн ягаан, улаан нь л үлдсэн байжээ.

Түүнчлэн “Үнэ хэтэрхий өндөр байна” хэмээн түүний ээж Татьяна хэлжээ. Түүний сонирхсон хүүхдийн улаан өнгөтэй хүрэм 24 мянган рубль буюу 682 ам.долларын үнэтэй байсан гэнэ.

Дэлгүүрийн үүдэнд дугаарлаад зогсч байсан 55 настай бизнесмэн эр мөн л сэтгэгдэл таагүй байгаагаа илэрхийлжээ. Түүнийхээр бүтэн цаг дугаарлана гэдэг байж боломгүй хэрэг гэнэ.

Олимпийн дэлгүүрт хамгийн их борлуулалттай байгаа бараа нь Оросын багийн хүрэм, түүнчлэн орос уламжлал шингээсэн малгайнууд, таван өнгийн хуруутай бээлий. Тэр бээлий нь 14 ам.долларын үнэтэй аж.

Т.МАША








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж