Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Монголын жиргээ ертөнц идэвхитэй, шүүмжлэсэн жиргээнүүдтэй нэгэн өдрийг өнгөрөөв. АНУ-ын Тагнуулын агентлагийн экс ажилтан Эдвард Сноуден Шотландын их сургуулийн ректороор сонгогдсон тухай мэдээлэл, “ерөнхий сайд физикийн хичээл зааж гэнээ. Хичээлийн дараа хүүхдүүд та ер нь чаддагаараа багшаа хийвэл яаасан юм бэ гэсэн гэнэээ” гэх ёгөө, 4 оронтой тусгай дугаарууд 1800, 1900 угтвар дугаартай болж байгаа мэдээ, нисэхийн дэнж дээр машинтайгаа дөрөв хоносон цогцосны тухай таамаглалууд гээд өргөн хүрээтэй өрнөв.

Гэвч энэ өдрийн голлох жиргээнүүдээс “ялгаа” гэх нэгэн зүйл ажиглагдаж байв. Жишээ нь “Н.Алтанхуягийг гурван цаг даарлаа гээд бөөн нисдэг тэрэг болсон гавьяат тамирчин сураггүй болоод тав хонож байна. Гэтэл эрлийн баг авирч эхлээгүй байна” хэмээх ялгааны тухай жиргээг онцолж болно. Хэнд асуудал тулгарснаас шалтгаалан авах арга хэмжээ нь ялгаатай байна гэдэг даанч харамсалтай.Тодруулбал, уулын спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Л.Болдбаатар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг, Алтай Таван богд уулын Малчин оргилд авиралт хийж байх үедээ осолдож сураггүй болсон юм. Эрлийн багийнхан өчигдөр Малчин уул руу авирч, самналт хийх байсан ч цасан шуурга, битүү манантай байгаа тул авиралтыг эхлүүлэх боломжгүй болжээ. 

Дараагийн нэгэн ялгааны тухай жиргээ нь Ц.Мөнхбаяр болоод ашиг олж л байвал газар дэлхийг эргүүлэхийг ч юман чинээ боддоггүй цагаан гартнуудтай холбоотой. Урт нэрт хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулиар үндсэн хуулийнхаа зохицуулалтыг үгүй болгох нь хэмээн эсэргүүцэж, гол нь буу барьж төрийн ордноо очиж буруудсан Ц.Мөнхбаярыг өмөөрөгчид ч нэмэгдсээр байна. Энэ тухай “Буу барьсан ч Мөнхбаяр аюулгvй гэдгийг ард тvмэн мэднэ, буян амласан зарим нэг улс төрчид буу барьсан тvvнээс аюултай гэдгийг ч бас мэднээ.. Хичнээн гол мөрөн, горхи шанд ширгэж алга болов, хэний буруугаар тэд шавхагдаж алга болов, буруутанд нь 21 жил өгнө гэвэл хатуудлаа гэнэ дээ” хэмээсэн Ц.Бат-Эрдэнийн үг өчигдрийн хувьд яахын аргагүй онцлох жиргээ байлаа.

Ийнхүү “ялгаа”-ны тухай сануулсан нэгэн өдөр өнгөрлөө. Ялгаа, ялгаварлал ихсэх тусам бухимдал, уур хилэн нэмэгддэгийг мартаж боломгүй мэт.

Цахим Болжмор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж