
Австралийн их дэлгүүрүүдийн сүлжээний “David Jones” компанийн гүйцэтгэх захирал Марк Маклнес эмэгтэй ажилтандаа ёс зүйгүй байдлаар хандсанаасаа болж огцрох шийд гаргаснаа өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн байна. Ажлаа хүлээлгэж өгч байгаатай холбоотойгоор гүйцэтгэх захирал Марк 1.7 сая ам.долларын тэтгэмж хүлээж авах болно гэж тус компанийн дарга Роберт Савейж мэдэгдсэн байна. Яг ямар явдал болсон талаар Маклнес захирал болон компанийн аль нь ч мэдэгдэл хийгээгүй. Гэсэн хэдий ч Маклнес “Гүйцэтгэх захиралд байж болохооргүй байдал гаргасан… Би буруу дүгнэлт бодол гаргаж эмэгтэй ажилтнаа, гэр бүлээ, захирлуудын зөвлөл, хувьцаа эзэмшигчдийнхээ урмыг хугаллаа. Би цөмөнгөөс нь уучлал хүсэж байна” гэж мэдэгдсэн байна. Тус компанийн шинэ гүйцэтгэх захирлаар одоо ерөнхий менежерийн ажил хийж байгаа Пол Захра ажиллахаар болсон байна. “David Jones Group” их дэлгүүрийн сүлжээ нь зүйрлүүлбэл Нью-Йоркийн “Bloomingdale”, Лондонгийн “Harrod’s” шиг том дэлгүүрийн сүлжээ бөгөөд Австралийн бүхий л том хотод дэлгүүрийн салбаруудтай ба дизайнерын хувцаснаас телевиз, цахилгаан хэрэгсэл, мах, бяслаг зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн зардаг.
Маклнес захирлын талаар нэг эмэгтэй ажилтан нь гомдол гаргаж компанийн удирдлагуудад бичиг өгсөн бөгөөд харин цагдаагийн газар мэдэгдээгүй юм байна. Маклнес захирал 2003 онд 37 настайдаа “David Jones” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд Австралийн корпорациуд дотроо хамгийн залуу, нэр нөлөөтэй, хүндлэгдсэн захирал гэж тооцогддог байсан. Маклнес дэлгүүрийн худалдагчаас ажлынхаа гарааг эхэлсэн бөгөөд тус компанийг удирдсан хэдэн жилийн дотор “David Jones” компанийн хувьцааны ханш хоёр дахин өссөн байна. Маклнес ойрын хэдэн жилдээ гадаадад амьдрах болно гэж мэдэгдсэн байна.
Т.Бадрах