Бронислав Коморовски I шатанд 46 хувийн саналаар тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Бронислав Коморовски I шатанд 46 хувийн саналаар тэргүүллээ

Энэ оны дөрөвдүгээр сард онгоцны ослоор ерөнхийлөгчөө алдсан Польш улс өчигдөр ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг явууллаа. Сонгуулийн урьдчилсан мэдээгээр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Бронислав Коморовски сонгогчдын 46 хувийн саналаар тэргүүлж байна. Дөрөвдүгээр сарын 10-нд ОХУ-ын Смоленск хавьцаа онгоцны ослоор эхнэр болон Польшийн төр, засаг захиргаа, цэрэг, шашны өндөр дээд тушаалын 96 хүний хамт нас барсан Лех Качинтскийн ихэр Ярослав 36 хувийн саналтай байна.
Бронислав Коморовски бол эрх баригч Иргэний платформ намын, Ярослав Качински консерватив Эрх ба шударга ёс намын гишүүн юм. Ерөнхийлөгчөөр хэн сонгогдохыг долдугаар сарын 4-нд болох хоёр дахь шатны сонгуулиар шийднэ.
Хоёр нэр дэвшигч аль аль үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх гэсэн сонгуулийн гол уриатай оролцсон юм. Польшийн 38 сая хүний 30 сая нь сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс сонгуулийн ирц 55 хувь байжээ. Эхний шатны санал хураалтын дараа Бронислав Коморовски “Хөлбөмбөгт ч тэр, улс төрд ч тэр завсарлага хэрэгтэй. Завсарласны дараа илүү сайн тоглодог шүү дээ” гэсэн бол Ярослав Качински "Хоёр дахь санал хураалт нь Польшийн улс төрийн хоёр өөр үзэл баримтлалын маргаан байх болно” хэмээн мэдэгдсэн байна.

Д.Нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж