Сайншандад салхин парктай болно

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Сайншандад салхин парктай болно

Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг хангахын тулд хоёр дахь салхин цахилгаан станц байгуулах талаар ярьж эхэллээ. Энэ нь 2013 оны Засгийн газрын тэргүүлэх чиглэлд багтсан бөгөөд ийнхүү бодит ажил хэрэг болгохоор тогтсон байна. Хоёр дахь салхин цахилгаан станцын талаарх хэлэлцүүлэгт өнөөдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Эрчим хүчний сайд М.Сономпил, Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд сайд Б.Тулга, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд болон албаныхан оролцож ярилцжээ.

 Анхны салхин парк нь “Ньюком” группынх бөгөөд Төв аймгийн Сэргэлэн суманд байрлалтай, 50 мВт хүчин чадалтай юм. Тэгвэл хоёр дахь цахилгаан станцыг Дорноговь аймгийн Сайншанд орчимд байгуулахдаа жилд 190 сая кВт/ц цахилгааныг төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэхээр төлөвлөжээ. Сүүлийн жилүүдэд ийнхүү салхин цахилгаан станц байгуулна гэж ярьсан ч хөрөнгө оруулалт тодорхойгүйн улмаас тодорхой шийдэлд хүрч чадахгүй байсныг албаныхан онцолсон. Сайншандын салхин цахилгаан станцад 120 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд шийдвэрлэгдсэн байна. Ингэхдээ хөрөнгө оруулалтыг олон улсын банк, санхүүгийн байгууллага болон “Сайншанд салхин парк” төслийн хувьцааны дийлэнхийг эзэмшигч “Ферростал индустриал прожект” компаниас шийдвэрлэх ажээ.


Сайншандад салхин парк байгуулснаар жилдээ 100 мянган гаруй айл өрхийн цахилгаан хэрэглээтэй тэнцэх цэвэр эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлэхээс гадна цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс бий болох 200 гаруй тоннтой тэнцэх нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулж, хоёр сая м3 орчим цэвэр усны зарцуулалт, 50 мянга гаруй тонн орчим нүүрсийг хэмнэх юм байна. Энэхүү цахилгаан станц нь хүчин чадлаараа өнөөгийн байдлаар Монголын эрчим хүчний системд голлож буй ДЦС-4, ДЦС-3, Дарханы ДЦС-ын дараа орох томоохон эх үүсвэр болохыг албаныхан онцоллоо. Түүнчлэн жилд нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан нь 2012 онд ОХУ-аас импортлосон цахилгааны 50 орчим хувьтай тэнцэх ажээ. Салхин парк жилд үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ нь 2013 оны төвийн эрчим хүчний системийн 3.5 хувьтай тэнцэх тооцоолол гарсан бөгөөд цаашдаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Цагаан суварга, Оюутолгой зэрэг томоохон хэрэглэгчдэд нэгдэх боломжтой юм байна.

У.БОЛОР  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж