Малынхаа тоо толгойгоор Баянхонгор аймаг улсдаа хоёрдугаарт эрэмбэлэгддэг гэсэн мэдээг сонсоод мэл гайхав. Сонирхолтой санагдсан шалтгаан нь сумын хэмжээнд 20 гаруй тоологдох том жижиг дэлгүүрийн лангуун дээр орон нутгийн малын сүү, ааруул малчдын боловсруулсан цагаан идээ, ноос ноолууран бүтээгдэхүүн нэг ч байсангүй. Бүр эрээд ч олсонгүй. Угтаа бол Бууцагааны ааруул гэж нутаг усандаа төдийгүй манай улсдаа л брэнд идээ байдгийг нутгийнхан нь сайрхах. Тийм атал лангуун дээр “Гоё” тараг хоёр ширхэг байх нь хэзээ үйлдвэрээс гарч, хэдэн хоног хэний гараар дамжин байж Бууцагааны дэлгүүрийн лангуун дээр ирсэн нь даанч мэдэгдсэнгүй. Угтаа бол бог бодынхоо тоо толгойгоор улсын хэмжээнд эхний тавд багтдаг гэдгээ Бууцагаан сумын Засаг дарга Ч.Энхдалай хэлсэн. Тэгэхээр 50-иад сая толгой малтай гэгддэг монголчууд хөдөөгөө шинэчлэх тухай хэдийнэ яриад, ажлаа эхлүүлсэн ч малчдын гар дээр аймаг, хотынхонд зарж борлуулах ааруул, сүү, боловсруулсан цагаан идээ ерөөс байсангүй. Сураглавал, нэг килограмм ааруул 25-35 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг гэдгийг нутгийн малчин бүсгүй хэлэв.
Нийслэл, аймаг орон нутгаасаа буйдхан нүд алдам талд хэсэг бүлэгхэн тойрогт багтах айлууд, ундуй сундуйхан хашаа, цонх, хаалга нь эвдэрч хэмхэрсэн ганц хоёрхон давхар барилга, хаа сайгүй шогшолдох ноход, хөндлөн гулд давхилдах мотоциколтой залуус, хот явах унаа машины зарлал дуулгах улаан булангийн узель хаа нэг дуугарах, хотоос ирсэн зочдыг гайхширч гүйлдэх хөдсөн дээлтэй хүүхдүүдийн дүр зургийг хөдөөгийн аль ч сумаас харж болно. Даарч байгаа шинж тэдэнд алга. Өлчир багахан тэдний ийн гүйлдэх нь бага насны минь хаа нэгтээ үлдсэн төрхийг сануулах ч техникжсэн бүх зүйл гарын өндгөөр хувирч өөрчлөгдөж байгаа энэ үед сумдад хаашаа л харна бие засах газрууд таарна. 00-ын асуудал хөдөөд яах аргагүй хөндөх сэдэв болжээ. Бохир нь хальж урсаад хөлдсөн байх нь элбэг энэ дүр зураг хөдөө орон нутагт ч хөрсний бохирдол газар авч байгааг илтгэх шиг. Үүнтэй зэрэгцүүлээд бодвол хөдөөгийн сургууль, цэцэрлэгийн багачууд гадаа ил задгай 00-д бие засдаг нь анхаарал татав. Бууцагаан сумын цэцэрлэгийн эрхлэгч Д.Гэрлээ “Манай Гэрэл” цэцэрлэг 50 настай. 2-5 насны 500-аад хүүхэд сургуулийн өмнөх боловсрол олж байна. Бие засах өрөө болон ариун цэврийн зориулалтын өрөөгүйгээс багш нарын ажлын ачаалал тэр хэмжээгээр нэмэгддэг. Бага насны сурагчид 40 гаруй хэмийн хүйтэнд ч гадаа гарч бие засдаг. Тиймээс сумдын сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ гаргаж бие засуулахаас эхлээд ажил мундахгүй” гэдгийг хэлсэн юм.
Хэдийгээр улсын төсвөөс хөрөнгө мөнгө хуваарилж хөдөөг шинэчлэх, байшин сууцнаас нь эхлээд орчин үеийн технологийг нэвтрүүлж шинэ хөдөөг алслагдмал орон нутагт байгуулахыг зорьж байгаа нь сайшаалтай ч нүүдэлчдийн ахуй хөдөөд алдагджээ гэчихвэл нэг их буруудахгүй болов уу. Учир нь монгол хүний зочломтгой зан алсуураа үгүйлэгдэж морь унасан малчин нүдний гэм болжээ.
Хөдөөгийнхөн цагаан идээгээ боловсруулж малаа мориор хариулдаг байдал алдагдсаныг нутгийн настайчууд зовнингуй хэлнэ билээ. Мал нь мотоциколтой хүнээс биш морьтой хүнээс айж үргэх байдал нүүрэллээ. Мөн мал маллаж байгаа идэвхтэй насжилт нь 45-аас дээш насныхан болжээ. Тиймээс залуу малчдын халааг бэлтгэх, тэднийг мал маллах арга ухаанд сургах төрийн бодлого хэрэгтэй байна гэсэн юм. Ямартаа л таваас доошгүй жил мал маллаж байгаа залуусыг төрөөс урамшуулбал яасан юм бэ. Мал маллах малчны ажил хөдөлмөрийг үнэлэх цаг болжээ. Залуус яагаад малаа маллахаас хөдөөг зорихоос татгалзаад байна вэ гэхээр малчдын ажиллах цаг төрийн албаныхны ажиллах цагаас хэд дахин их байгаагаас үүдэлтэй гэдгийг малчид онцолж байсныг энд дурьдая.
Тодруулбал, малчид орон сууцны зээлд хамрагдаж болох эсэх, малчдын тэтгэврийн насыг эргэн харах, мөн албан хаагчид өдөрт найман цаг ажилладаг бол малчид өдөрт 14 цагийг хотондоо эсвэл малынхаа бэлчээрт өнгөрүүлж байна. Иймээс таван жил тутамд малчдад тэтгэлэг олгож байя зэрэг саналуудыг салбарын сайддаа дуулгаж байв.
Юутай ч Хонгор нутагт өвлийн жавар тачигнасан ч малчдын хотонд төлийн дуу цангинах цаг ойртож байгаа учраас малчид шинэ төл хүлээж авах бэлтгэлээ дор бүртээ базааж эхэлжээ. “Шинэ хөдөө-шинэ малчин” аяны богцын дараагийн сурвалжлага Баянхонгор аймгийн Баянлиг сумаас үргэлжилнэ.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин