Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй дампуурчээ

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй дампуурчээ

Барилгын ажил эхлэнэ гэхээс айж байна. Бүтээн байгуулалтаас ч татгалзмаар санагдаад болдоггүй. Нийслэл маань өнгө төрх нэмж, өндөр барилгуудтай болох нь сайхан ч хаанаас, хэзээ, юу унаад ирэх бол гэхээс айх юм. Хэдийгээр манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль бий. Гэвч хэрэгждэг бил үү. Зөвхөн барилгын салбар гэлтгүй бусад салбарт ч энэ байдал түгээмэл ажиглагдаж байна. Уг нь аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад анхаарлаа хандуулах нь хамгийн гол зүйл. Ажлын байранд үйлдвэрлэлийн осол гарч байгаа үндсэн гол шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, стандартыг аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгодоггүй, байгууллагын дотоод хяналт хангалтгүй, мөн дээрх асуудлыг хариуцсан бүтэц орон тоо байхгүйтэй холбоотой.

Нийслэлийн цагдаагийн газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр 2012 онд баригдаж буй барилгатай холбоотой 161 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчигдсөн 37 хэрэг бүртгэжээ. Үүнээс 26 буюу 70.2 хувь нь хүний амь нас хохирсон байна. Тухайлбал, “Гангар инвест”, “Эм Си Эс”, “Хурд”, “Жигүүр гранд”, “Халиун төгөл”, “Натур Хаус”, “Сигма инженеринг” ХХК-ийн барилгууд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам алдагдсанаас хүний амь нас хохирсон хэргүүд гарчээ. Өнгөрсөн онд гэхэд хичнээн хүний амь нас гарзанд гарав. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард “Гэсэр” сүмийн уулзварын зүүн талд баригдаж буй “Макс өргөө” компанийн барилга дээрээс өргөгч цамхагийн төмөр унаж, замын хөдөлгөөнд оролцож явсан “LAND-200” маркийн автомашин дээр унаж жолооч нь газар дээрээ нас барсан. Хичээлийн анхны өдрөө ээж, эгчтэйгээ хөтлөлцөөд явж байсан жаахан охины дээрээс кран унаж амь насыг нь хохироосон гээд тоочоод байвал барагдахааргүй.  Барилгын салбарт ажиллаж насаараа тахир дутуу хүмүүс ч олон бий. Тараг, сүүгээр үйлчлээд байдаггүй юмаа гэхэд аюулгүй байдлыг нь хангах наад захын ажлын хариуцлага алга. Шинээр барилга сүндэрлэх бүрт хөдөлмөр аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллаж байгаа бол гэсэн бяцхан эмзэглэл төрнө. Энэ бүхнээс харахад 2008 онд батлагдсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль хэрэгжиж байгаа гэхэд хэцүүхэн.

Зөвхөн барилгын салбараар дүгнэхэд хуулийн хэрэгжилт ямар байгаа нь харагдаж байна. Бусад салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад ч энэ бүхэн хамаатай. Хөдөлмөрийн аюултай, хортой нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэдэг  ажилтныг хор саармагжуулах бодис, хүнсний бүтээг­дэхүүн, хоолоор үнэгүй хангах ёстой гэнэ. Гэтэл үүнийг хэрэгжүүлдэг газар хэд билээ. Их л бага тоо гарах байх.

Мөн хууль хамгийн их зөрчигддөг салбар бол уул уурхай. Энэ салбарт олон хүн хувиараа ашигт малтмал олборлодог. Гэтэл тэдэнд уг хуулийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй. Тэд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бидэнд хууль хэрэгжинэ гэж байхгүй гэж боддог бололтой. Харин хуулийн заалтад тэд тусгагджээ. Түүнчлэн хуулийн заалтад ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч  байна гэсэн байдаг. Үнэндээ үүнийг хэрэгжүүлдэг байгууллагыг хайгаад ч олдохгүй биз. Энэ мэтчлэн хуулийн хэрэгждэггүй заалт тун их байна. Үнэндээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй бүрэн утгаараа дампуурчээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

Жил бүр барилгын үйлдвэрлэлийн ослоос болж 1000 гаруй хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Мэргэжлийн хяналт, цагдаа, үйлдвэрчний байгууллагуудаас авч байгаа тоо зөрүүтэй. Дэлхийн дунджаас долоо дахин их хүн Монгол Улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангагдаагүйгээс амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна гэсэн тоо баримт бий. Энэ бол аймшиг, аюулын харанга. Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тогтолцоо үндсэндээ дампуурсан гэдэг дүгнэлтээ гаргана. Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаанаас харахад нийт барилгын 86 хувь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Бүр тодруулж хэлбэл хөдөлмөрийн аюулгүй байдлын төсөвт өртгөөс нэг хувийг хөдөлмөр аюулгүй байдлыг хангахад зориулна гэж заасан. Гэтэл энэ төсөвт өртөг тусгагдаагүй. Үнэндээ улсын хэмжээнд хөдөлмөрийн хяналтын байцаагч, хөдөлмөрийн эрүүл ахуйн  45 байцаагч ажиллаж байна. Нийслэлд 43 мянган аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянахад 45 байцаагч хангалтгүй. Мөн хөдөлмөрийн болоод эрүүл ахуйн хяналт мэргэжлийн хяналтын байгууллагуудад харьяалагддаг. Бодлогын хэрэгжилт хяналтын тогтолцоо хоёрын хооронд уялдаа холбоо муу байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга

Барилгын салбарт гарсан ослын улмаас нас барсан хүний тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 50 гаруй хувиар буурсан. Гэхдээ нэг ч хүний амь нас эрсдэхгүй болсон цагт барилгын осол буурлаа гэж үзэх ёстой. Тиймээс нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс үйлдвэрийн ослыг бууруулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах, мөрдөгдөж байгаа хуулийн заалтуудад өөрчлөлт оруулах, эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулж, цаашдаа зөвхөн барилгын осол гэлтгүй Улаанбаатар хотод гарч байгаа үйлдвэрлэлийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллана.

Уул уурхайн яамны Уул уурхайн аврах албаны зөвлөх Ц.Жанчив

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг 2008 онд баталсан. Гол нь хуульд хэн удирдагч байх, хэн мэдээ тайланг нь нэгтгэх  зэрэг тогтсон зүйлийг тодорхой тусгаж өгөөгүй. Харин Хөдөлмөрийн яам байгуулагдаад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбарт гарсан аваар ослын тоог авдаг болсон. Уул уурхайн мэргэжлийн хяналтыг хариуцсан яам нь тавих ёстой. Тэгэхгүй бол МХЕГ-т мэргэжлийн бус хүн байхыг үгүйсгэхгүй. Мэргэжлийн төвшинд удирдвал хяналт тавих, зөвлөгөө өгөх, аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой. Монголд үйл ажиллагаа явуулж буй уурхайнууд дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн тохиолдол тэр бүр байхгүй. Нөгөөтэйгүүр хууль эрхзүйн орчноо улам боловсронгуй болгох шаардлагатай. Хувиараа ашигт малтмал олборлож буй иргэд Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухайн хуульд захирагдах юм. Манай салбарт гарч буй нийт осол аваарын ихэнх нь гар аргаар алт, жонш, нүүрс олборлож буй иргэдийн дунд гардаг нь үнэн.

Авто замчдын ҮЭ-үүдийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв

Байгууллагын удирдлагуудад эрүүл ахуй, хөдөлмөр аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлага, зөвлөмж өгөхөөр хүлээж авахдаа тааруухан байсан. Одоо бол өөр. Нэг талаас манай улсад гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадныхантай хамтарч ажиллаж байгаа учир аюулгүй ажиллагаа номер нэгд гэдгийг ойлгодог болсон. Ер нь замын салбарт үйлдвэрлэлийн ослыг замын нуун дарагдуулах явдал их байдаг. 2012 оны байдлаар зам тээврийн салбарт 30 гаруй хүн нас барж, 300 гаруй хүн хөдөлмөрийн чадвараа алдсан. Нуун дарагдуулах явдал хөдөө их байдаг. Өнгөрсөн хойно нь осол болсон гэж мэдэгддэг. Энэ асуудлыг гаргуулахгүй байх талаар ажилтан, ажил олгогч хоёр хамтарч ажиллахгүй л бол асуудал дуусахгүй.

Г.ХИШИГСҮРЭН

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж