
Дамаскаас өмнө зүгт орших Баббильд арми болон босогчид яриа хэлэлцээр хийж байгааг сэтгүүлчид харсан байна. Түүнчлэн Кудсайя, Моадамиет аль-Шам, Барзех, Бейт Сахем, Ялда болон Ярмук хотуудад эвлэрэл байгуулжээ. Харин Хараста, Дарайя хотуудад яриа хэлэлцээр үргэлжилж байгаа аж.
Түр эвлэрлийн гэрээ ёсоор босогчдын хяналтад байгаа орон сууцны дүүргүүдийн бүслэлтийг зогсоож, хүмүүнлэгийн тусламж оруулах зөвшөөрөл өгөх юм байна. Мөн босогчдыг хүнд зэвсгээ хураалгахыг үүрэг болгожээ. Эвлэрлийн үеэр эдгээр хотуудын дээр Сирийн далбаа намирч байна. Түүнчлэн Сирийн аюулгүй байдлын албаны эх сурвалжийн мэдээлснээр босогчдод өршөөл үзүүлэх асуудлыг гэрээ хэлцэлд тусгажээ.
Энэ сарын 12-нд Женевт болж буй яриа хэлэлцээрийн үеэр Сирийн сөрөг хүчнийхэн иргэний дайныг зогсоох төлөвлөгөөгөө танилцуулсан. Гэвч Сирийн Засгийн газар энэ төлөвлөгөөг дэмжээгүй юм.
Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Башар Асад орон нутгийн чанартай эвлэрэл нь Женевийн яриа хэлэлцээрээс илүү үр өгөөжтэй байж болно гэж сэтгүүлчдэд мэдэгдэж байсан. Женевт олон улсын төлөөлөл оролцсон Сирийн эрх баригчид болон сөрөг хүчний хооронд болж буй яриа хэлэлцээрээс өнөөг хүртэл нааштай үр дүн гарсангүй.