Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Охин үрээ хайрла

Бидний ирээдүй болсон бяцхан үрс өөрсдийн төрсөн ээж, аавдаа гомдон мэгшин уйлж байна.

Ээж, аавынхаа хайранд бөмбөрч, энхрийлэл, дулаан үгэнд нь умбаж өсөх учиртай тэднийг хөх няц болтол зодож, хүйтэн мэсээр гэмтээж, хана руу савж, хадаастай модоор гуядсан гэх жигмээр үйлдлүүд буурахгүй байна.

Долоон настай хүүгээ олон цаг зодож тарчлаасан эцэг, таван настай хүүгээ хүйтэн мэсээр гэмтээсэн аавууд таван жилийн ял сонсч, бусад хүн төрхтэй араатнуудад санамж болоод удаагүй байхад дахиад л сэтгэл сэрдхийлгэмээр авир зан гаргасан ээжийн тухай мэдээлэл цацагдлаа. Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд оршин суугч, 30 настай Д гэгч эмэгтэй өөрийн бяцхан охиныг гурилын элдүүрээр хайр найргүй зодож, хөөрхий охиноо хөдлөх аргагүй болгожээ. Хэрэг хоёрдугаар сарын 17-нд гарсан байна.

Тэр ээж уурын мунхагаас болж өөрийн охиныхоо  баруун гарын тохойг хугалж, хоёр хөлийг нь алхаж чадахгүй болтол гэмтээжээ. "Ээжид нь буюу 30 настай Д-д насанд хүрээгүй хүүхдийг зэвсгийн чанартай зүйл ашиглан хүнд бэртээсэн хэрэгт буруутган, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар албаны хүмүүс хэлж байна.

Адгуус, араатан хүртэл үр удмаа энгэртээ нааж, элдэв аюул, муу бүхнээс хамгаалдаг бус уу. Гэтэл нийгмийн стресс, архидалт, мансуурал, гуйланчлал, гаж хүсэлдээ хөтлөгдсөн “ээж, аав” нар төрсөн үрсээ өөрсдийн гараар тамлаж байна.

Та, чи, би, хүүхдийн төлөө гэх тодотголтой бүхий л байгууллагууд, ер нь хэн ч байсан бяцхан үрсээ хайрлаж, эцэг, эхийнхээ гарт, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн эрх ашиг, аюулгүй байдлыг анхааралдаа авч, хүчирхийллээс алхам бүрт нь сэргийлж байхгүй бол сэтгэл өвтгөсөн ийм хэргийн тоо буурах биш нэмэгдэх шинжтэй. Үрсээ хайрла, эхчүүд ээ. Охин үрээ хайрла.
Дахиж нэг ч хүүхэд эцэг, эхийнхээ гарт энэлэн шаналахгүй байг ээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж