Өмнө нь хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай тогтоолын төсөл, Газрын тухай хуулийн төсөл гэх мэт 19 нэр бүхий хуулийн төслийг хэлэлцэхээр өргөн барьсан. Мөн хуулийн төслүүдийн жагсаалтад, “Урт нэртэй хууль”, Малын индексжүүлсэн даатгалын тухай, Хамтын тэтгэврийн тухай, Шилэн дансны тухай зэрэг хуулийн төсөл ч багтсан байсан. Харин Ардын намаас өргөн барьсан Малчдын тэтгэврийг нөхөн тооцуулах тухай гэх мэт хуулийн төслийг оруулаагүй нь маргаан дагуулсан гэж хэлж болно.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг ээлжит бус чуулганаар батална. Намрын чуулганы төгсгөлд батлах байсан ч унасан. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргахдаа өргөн мэдүүлээгүй ч хэлэлцэх шаардлагатай хуулийн төслүүд, УИХ-д өргөн мэдүүлсэн, өргөн мэдүүлээгүй ч хаврын чуулганаас өмнө өргөн барих буюу бусад гэсэн гурван чиглэлээр хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсан. Одоо ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлахад бэлэн болсон” гэлээ. Ээлжит бус чуулганыг ирэх сарын 10-наас хуралдуулж эхлэх товтой байгаа билээ.