Цогтцэцийд “Үе тэнгийнхэн” өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Цогтцэцийд “Үе тэнгийнхэн” өрсөлдөв

Монгол Улсын баатар эмэгтэй Түвдэнгийн Борын нэрэмжит Өмнөговь аймгийн Цогтцэций сумын арван жилийн дунд сургуулийг төгсөгчид жил бүрийн хаврын тэргүүн цагаан сарын шинийн 15-нд волейболын тэмцээн зохиодог болоод арав гаруй жилийг үдэж буй.

Өмнөговийн зүүн талын сумд болох Манлай, Ханбогд, Баян-Овоо, Цогт-Овоо, Ханхонгор сумын уугуул төгсөгчид оролцдогоороо бүсийн чанартайд тооцогдох болсон “Үе тэнгийнхэн” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Цогтцэций суманд амжилттай боллоо. Ардын боловсролын тэргүүний ажилтан Ц.Амарбаясгалан, Б.Чулуумсаг, Э.Энхдагуул, Ц.Содномцэрэн багштай 23 дугаар төгсөлтийнхний зохион байгуулсан уг тэмцээнд үе үеийн төгсөгчдөөс бүрдсэн 13 баг хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс М.Отгонжаргал ахлагчтай 25 дугаар төгсөлтийн баг тэргүүн баяр эзэлж алтан медаль, “Шилжин явах цом”-ын эзнээр тодорсон бол Б.Жаргал ахлагчтай 22, Ц.Одсүрэн ахлагчтай 21 дүгээр төгсөлтийн баг удаалж мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал хүртлээ. 

Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор Б.Буянбат /23 дугаар төгсөлт/, эмэгтэй тоглогчоор Б.Лхамсүрэн /22 дугаар төгсөлт/ шалгарав.

Хүн төрөлхтөний цэнгэлийн манлай, шударга тэмцэл, эрүүл өрсөлдөөний талбар болсон өвлийн олимпийн наадам ОХУ-ын Сочи хотноо амжилттай үргэлжилж буй алтан үетэй давхацсан “үе тэнгийнхэн” тэмцээний нэгэн онцлох зүйл нь МҮОХ өөрийн дээд шагнал “Алтан медаль”-иар Баян-Овоо сумын тамирчин О.Мөнгөнтулга, Цогтцэций сумын тамирчин С.Мөнх-Эрдэнэ, Манлай сумын тамирчин Б.Отгонжаргал нарыг шагнасан явдал байв.

Аглаг буйд орон нутагт их спорт, тэр дундаа багийн спортыг хөгжүүлэхэд багагүй хувь нэмрээ оруулж буй энэхүү уламжлалт тэмцээний нэр хүнд, цар хүрээ жил ирэх бүр өсч байгааг оролцогч, үзэгч, хөгжөөн дэмжигчид онцлохын зэрэгцээ волейболын тэмцээн зохиоход шаардлагатай иж бүрдлийг төрөлх сургуульдаа бэлэглэж, тэмцээнийг өндөр хэмжээнд амжилттай зохион байгуулсан 23 дугаар төгсөлтийн хамт олонд гүнээ талархаж байсныг дурдалтай.

Ц.ГАЛБАДРАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж