-Уяаны эрдэмд үе дамжин шимтэж яваа удамт уяачдын нэг юм байна. Өвөг дээдсийн тань дурсамж яриагаар ярилцлагаа эхэлье?
-Манай өвөө Лувсандоржийг морь сайн уядаг байсан гэдэг. Өвөөгийн хурдан улаан соёолон 1966 оны аймгийн баяр наадамд түрүүлж байсан юм билээ. Харин миний аав бол Монгол улсын харцага Дашдаваа гэж хүн байсан. Аав маань хурдан моринд бас дуртай. Аавынхаа толин сартай хонгор морийг унаж уул овооны тахилга болон сумын наадамд түрүүлгэж айрагдуулдаг л байсан.
-Хэдий үеэс бие даан морь уях болсон юм бэ?
-1990 онд наймдугаар анги төгсөөд аавынхаа найз Гомбодорж гэдэг хүний адуун дээр гарч морь уях гараагаа эхэлсэн дээ. Би өмнө нь тэр хүний морийг 2-3 жил унаж байсан юм. Тэгээд Гомбодорж ахаараа морь уях арга барилыг заалган 1990 оноос бие даан уясан ч эхний үедээ сайн эвлэдэггүй л байлаа. Арав гаруй жил хүлээсний эцэст 2004 онд сумынхаа 80 жилийн ойгоор хар бор даагаа түрүүлгэсэн. Түүнээс хэдхэн хоногийн дараа Алтан-Овооны тахилга наадам болж түүнд хар бор даагаа айргийн гуравт хурдлуулж, төрийн зарлигт наадмын анхны айргаа амсаж байлаа.
-Шантраагүйн хэрэг ч гарсан байна шүү. Бор даага таны унаган адуу юу?
-Эцэг талынх нь дээд угшил 1960-1970-аад оны үед ид хурдалж байсан Рекорд хонгор азарганы удамтай. Манай аавын цагаан хонгор азарганы төл, бор хонгор азарганы үр байгаа юм. Харин эх нь тонгоон Жамъяны улаан азарганы угшилтай улаан гүү байдаг юм. Бор даага сумынхаа наадамд түрүүлсэн ч аман хүзүүнд баригдаад /дээр түрүү хэмээн хэлснийг аман хүзүү гэж ойлгох ёстой бололтой/ Алтан-Овооны наадамд 497 даага уралдахад гурвалсан. Халхын шилмэл хурдууд чуулсан Сүхбаатар аймгийн гурван даага дараагаар орсон нь бас л бахархууштай санагдаж байлаа.
-Бор үрээ таныг олон баярлуулсан байх даа?
-Уралдаан үзэх гээд Монгол улсын Алдарт уяач Олонбаяр, сая Тод манлай уяач болдог Тангаа нартай хамт нэг машинд суусан юм. Дааганы маань давхилыг харчихаад Олонбаяр Алдарт “авъя“ гээд байсан болохоор зарчихсан.
-Хэдээр өгсөн бэ?
-Зургаан сая төгрөгөөр л өгсөн. Хотод очоод шүдлэндээ нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах уралдаанд аман хүзүүдэн, улсын наадамд 21-ээр давхисан. Түүнээс хойш хөлийг нь эвгүйтүүлээд уялгүй азарга тавьсан дуулдана лээ.
-Нээрэн таныг Олонбаяр Алдартын хээр морийг зуучилж өгсөн хүн гэсэн шүү дээ. Тэр талаараа сонирхуулаач?
-Бор даага наймаалцан түүнээс хойш сайхан нөхөрлөсөн л дөө. Нэг удаа намайг хотод оччихоод байхад дуудаад “ахад нь сайн их насны морь хэрэгтэй байна хамт Сүхбаатар явъя” гэсэн. Би ч нутаг буцах болчихсон байсан учраас зөвшөөрөөд “Морьт хангай” группийн захирал Эрдэнээ бид хэд хамт ирж эхлээд өөр нэг морь сонирхсон ч үнэтэйдээд тэгээд хээр морин дээр очсон.
-Халзангийн адуу гэдэг билүү?
-Тиймээ. Рэнцэндоржийн Баатархүүгийн адуу. Сайхан ах байдаг юм.
-Их хурдын хишигт хээр морь тухайн үед хэдээр үнэлэгдэж байсан юм бэ?
-Хоёр сая төгрөгөөр авсан. Сайн санаат ах өгье гэж өгсөн болохоор хээр морь очоод л давхисан. Дүнжингаравын хурдаас эхлээд хаврын уралдаануудад айрагдаж, улс, Их хурдад хүртэл айрагдсан. Хээр морь дөрвөлсөн тэр Их хурдад би зээрд азаргатайгаа очиж уралдан 60 гарган давхиулж байлаа. Зээрд азарга миний унаган адуу. Эх нь Уулбаяны халтар хээр гүү, эцэг нь түрүү хэлсэн Рекорд хонгорын тав дахь үеийнх нь азарга байсан. Зээрд азаргаа би 2008 оны Дүнжингаравын хурдад бас авч явсан.
-Хаврын бүсийн уралдаанд яаж давхисан бэ?
-Эндээ хоёр гурван давхилд өнгөлөөд байхаар нь Дүнжингаравт уралдуулаад үзье гээд авч явсан юм. Тэгсэн дөрөв хоногийн өмнө УИХ-ын гишүүн Су.Батболд аавынхаа дурсгалд зориулан ”Арван манлайн наадам” гэж хийгээд зээрд азарга түүнд уралдан Сугарын зэгэл азаргатай хол тасарч яваад аман хүзүүдсэн. Тэгээд Дүнжингаравт 150 азарга уралдахад араас туулаад дөрөв рүү орж ирсэн. Харамсалтай нь Цагаан хөтөл уруудаж явахад хүүхэд нь ойчоод замаас гарч, эргэж хүүхдээ мордуулах гэсээр 20 гаргаж давхисан. Их хурдад 60 гаргаж давхидаг жилээ Арвайхээрийн 280 жилийн ойд уралдан наймласан байсан юм. Уг нь ч миний зээрд азарга хурдан адуу л даа. 2011 онд 14 настайдаа аймгийн Аварга шалгаруулах уралдаанд дөрвөлсөн одоо 16 настай.
-Эцгийн шийрийг хатаах хурд төрж байна уу?
-Үр төлүүд нь сайхан хурдалж байгаа. Нэг төл нь бүсийн наадамд айрагдсан.
-Хэдэн оны ямар бүсийн наадамд вэ?
-2009 онд Дорнодод болсон зүүн бүсийн наадамд төл ухаа зээрд үрээ наймласан ч өмнө нь дөрвөн эрлийз даага орсон юм.
-Хэдэн онд ямар амжилтаар аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн бэ?
-Арван хэдэн жил хүлээж анхны айргаа амссанаас хойш нэг хэсэг сайхан наадсаан. Тэрхүү амжилтаараа 2007 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн.
-Аавын удмыг залган барилдаж буй хүмүүс бий юу?
-Манай хоёр дүү барилдана. Аймгийн начин цолтой. Гэхдээ аавын дайнд хүрэхгүй л байна. Манай аав 60, 70-аад оны үед буюу хоёр Мөнхийн үед барилдаж байсан. Төрийн наадамд хоёр удаа зургаа давж байсан хүн. Харцага цолны болзлыг хангасан ч амьд сэрүүндээ авч чадаагүй.
-Нөхөж олгосон уу?
-Нөхөж ч олгоогүй. Харцага цолоо баталчихсан учраас бид аавыгаа улсын харцага л гэж боддог.
-Та барилдаж байв уу?
-Сургуульд байхдаа хүүхдийн барилдаанд барилддаг л байсан. Гэхдээ айхтар гавиагүй ээ. Харин моринд дуртай сэтгэл маань дийлж уяач болсон. Манайхан ер нь бөх гэхээсээ илүүтэй моринд дуртай. Манай хоёр ах хоёулаа морь уяна.Нэг ах Товуудорж маань аймгийн Алдарт уяач цолтой. Хүрэн даагаа аймгийн наадамд түрүүлгэж, Хэнтий аймгийн Сэцэн ханы хурдад дөрвөлсөн. Хоёр дүү одооноос бас морь уяж байна.
-Тусгаар тогтнолын баталгаа болсон эрийн гурван наадмаар тэгш нааддаг танай гэр бүлийнхэнд аз хийморийг хүсье.
/Тод магнай сэтгүүл. Дугаар /07/42/
Эх сурвалж: http://todmagnai.mn