1. Маоричуудын /мокомакай/ толгойнууд
Шинэ Зеландын уугуул иргэд болох Маоричууд нас барсан хүндтэй хүмүүсийнхээ толгойг хатааж, тэдгээрийн сүнсийг хүндэтгэн ариун шүтээн болгон хадгалдаг уламжлалтай байжээ. Боолын колоничлол ид цэцэглэж байсан XIX зууны үед Европ тивийнхэн эдгээр толгойг нутагтаа авчирч, чамгүй их ашиг орлого оруулдаг наймааны нэгэн хэлбэр болгон хувиргажээ. /Зургийг харна уу/. Толгойнууд ихээхэн үнэ хүрч байсан тул нүүрэндээ шивээстэй боолчуудын толгойг тасдан маоричуудын толгой хэмээн худалдаж, ашиг олж байжээ.
Олон жилийн дараа 500 мокомакайчууд Европын музейнуудын сан хөмрөгт хадгалагдах болсон байна. Энэ арлын эрх баригчид уйгагүй хөөцөлдсөний эцэст 320 хатаасан толгойг эх оронд нь эргүүлэн буцаажээ. Саяхны нэгэн баримт дурдахад Францын Үндэсний Ассамблейн хуралдаанаар Францын хэд хэдэн музейд хадгалагдаж байсан 16 уугуул иргэдийн хатаасан толгойг Шинэ Зеландад буцаан өгөхөөр шийдвэрлэсэн байна.
2.Санта Клаусын араг яс
Болж өгвөл энэ хэсгийг хүүхдүүд уншихаас аль болохоор сэрэмжлээрэй! Хүүхдүүд олоод уншчих юм бол Санта Клаусын араг ясанд гар хүрэх гэж оролдож, нөхөж болшгүй хохирол учруулах байх шүү. Дундад зууны үед айл гэр болгон энэ ариун ясны хэлтэрхийг ч гэсэн олж, гэртээ сахиус болгон хадгалахыг хүсч байсан юм.
1087 онд Италийн Бари хэмээх хотын захирагч далайн дээрэмчид хөлсөлж, Майра /одоогийн Турк улс/ руу явуулжээ. Дээрэмчид энэ улсад хадгалж байсан ариун гэгээнтний араг ясыг хулгайлж, итали оронд авчрах эрхэм даалгавартай байсан аж. Бари-гаас олж ирсэн араг ясыг чухам хаана хадгалж байгааг олоход бага зэрэг бэрхшээлтэй байдаг гэнэ.
3.Жеронимагийн хохимой толгой
Хойд Америкт Европоос очиж суурьшсан цагаач иргэдийн зүрхийг үхүүлж байсан Апаче овгийн нутгийн дайчин уугуул иргэдийн удирдагч Жеронима гуч гаруй жилийн турш Хойд Америк, Мексикийн эрх баригчдын шүдний өвчин болж байсан юм. Тэр аргагүйн эрхээр хүчин мөхөсдөж, 1889 онд дайснууддаа баривчлагдсан түүхтэй. Жеронима 1909 онд шоронгийн нэгэн өрөөнд хорвоог орхин одсон боловч “диваажинд энх амгалан, тайван сайхан амьдрах” боломжийг олоогүй аж. АНУ-ын Йелегийн их сургуулийн нэгэн нууц нийгэмлэгийн зургаан оюутан /тэднийг нэг нь АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж В Бушийн өвөө/ дэлхийн нэгдүгээр дайны үйлст хувь нэмэр оруулах сайн дурын буяны ажил хийж байх үедээ Жеронимагийн булшийг хөндөж, цогцсыг хулгайлан авчээ. Энэ түүх таг мартагдсан боловч сектийн нэгэн гишүүний 1918 онд нийтэлсэн мэдээ саяхан хэвлэл мэдээлэлд гарснаар дуулиан шуугиан үүсгэжээ.
4. Ана Боленагийн зүрх
Английн Энрике VIII хаан хүүхнүүдэд толгойгоо алддаг нэгэн биш харин ч толгойг нь авдаг алуурчин гэдгээрээ алдаршжээ. Түүний үйлдсэн нүгэлд Ана Болена хэмээх нэгэн бүсгүйн хэрэг байдаг. Ана бүсгүй нь үйлдсэн гэмт хэрэг гэвэл ердөө л хаанд хүү төрүүлж өгөөгүй гэдэг ялд унажээ. Хаан Ана бүсгүйг хормой султай, нүгэлтэй эм гэх мэтээр худал ял тулгаж, 1536 онд Лондоны цамхагт аваачин толгойг нь тасдан цаазалсан аж. Бүсгүйг цаазалсан хааны сэтгэл тайвширсангүй, түүний зүрхийг сугалан авчрах зарлиг буулгажээ. Анагийн зүрхийг бумбанд хийж, Suffolk сүмд нуужээ. 1839 онд бумбанд хадгалсан уг зүрхийг олж, ёс журмын дагуу сүмийн хашаанд оршуулсан аж.
5. Бенито Муссолиний тархи
1966 онд АНУ-ын эрх баригчид алдарт дарангуйлагчийн тал тархийг түүний бэлэвсэн гэргийд буцаан өгсөн гэдгийг цөөн хүн олж сонссон байх. 1945 онд Муссолиний шарилыг оршуулах үеэр түүний гэргий талийгаач нөхрийнхөө тархины талыг америкчууд аваад явсныг анзаарчээ. Магадгүй фашист хүний тархи жирийн хүнийхээс ямар ялгаатай болохыг “микроскоп”-дож харах гэсэн болов уу? Саяхан Муссолиний ач хүү Алессандро eBay-д шилэн саванд хадгалсан өвөөгийнхөө тархийг хямдхан, ердөө л 15 000 еврогоор худалдана гэсэн зар байрлуулсан байсныг олж хараад зарга үүсгэж болиулжээ.
6. Наполеоны “нөгөө юм”
1821 онд Наполеоны шарилд задлан шинжилгээ хийх үеэр түүний бэлэг эрхтнийг тасдан Корсик арлын нэгэн санваартанд хадгалуулахаар өгчээ. Тухайн үед түүнийг зөв хадгалж чадаагүй тул “нөгөө юм” үхрийн ширний хэсэг ч юм уу эсвэл могой загасны тасархай ч юм уу гэмээр нэгэн хэсэг борц болон хувирчээ.
1977 онд АНУ-ын бөөрний нэгэн эмч түүнийг 3000 доллараар худалдан авч, нутаг руугаа авч явсан байна. Одоо түүний охины мэдэлд шилжсэн бөгөөд авахыг хүссэн хүмүүс байвал …100 000 доллар төлж авч болох гэнээ!!!
7. Thomas Paine-гийн шарил
Хүн төрөлхтний түүхэнд хочлолын хамгийн шилдэг зохиолч гэж алдаршсан энэ түүхэн хүн Францын хувьсгал, америкчуудын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд оролцож, үндэсний баатар цолыг хүртэж байснаас гадна “Америкийн Нэгдсэн Улс” хэмээх нэрийг анх зохион гаргасан түүхтэй хүн байжээ. Гэвч түүний алдар нэр эд баялаг авчраагүй бөгөөд архинд толгойгоо мэдүүлж, Манхаттений төвд халаасандаа ганц ч центгүй нас барсан байна. Түүний оршуулгад оролцохоор зургаан хүн ирсэн аж. Түүний зовлон үүгээр дуусаагүй байна.
Арван жил өнгөрсний дараа түүний шүтэн бишрэгч байсан Коббетт гэгч нэгэн сэтгүүлч шарилыг ухан гаргаж, ёс төртэй оршуулахаар Англи руу авч явжээ. Харамсалтай нь Коббетт оршуулганд хэрэглэх хангалттай мөнгө хуримтлуулж чадаагүй тул нас бартлаа нэгэн байшингийн дээвэрт хадгалж байсан байна. Хожим нь алга болсон бөгөөд товч хийхээр араг ясыг авч явсан байх гэсэн яриа гарчээ.
8. Сан Франсиско Хавиерийн хөлний эрхий хуруу
XVI зууны үед амьдарч байсан даянч санваартан хүн ажээ. Европ, Азийн орнуудаар аялал хийж яваад буцах замдаа нас барсан байна. Түүнийг оршуулснаас хойш хэдэн сар өнгөрсний дараа хэсэг санваартан шарилыг хөндөн гаргаж үзэхэд цогцос илжирч муудаагүй, занданшсан байсан тул санваартнууд олон түмэнд үзүүлэхээр шийдвэрлэж, Гоа /Энэтхэг/ хотод авчирчээ. Шарилыг сонирхон үзэж байсан нэгэн португаль эмэгтэй гэгээнтний биеийн хэсгээс “дурсгал” болгон гэртээ аваачихаар шийдвэрлэж, түүний хөлний эрхий хурууг таслан авсан байна. Эрхий хуруунаас дусалсан цусны мөрөөр мөшгиж, эрхий хурууг эргүүлэн авсан гэдэг домог байдаг аж. Эдүгээ хөлний эрхий хурууг Гоа-гийн сүмд хадгалж байдаг ба “хөөрхий” шарилын бусад хэсэг нь Итали, Япон зэрэг дэлхийн олон орноор тарж, үзвэр үзэсгэлэнд тавигдсан байдаг аж. 9. II Баду Бонсу хааны толгой
Гана улсын Аханта овгийн хаан Баду Бонсу Голландын хоёр элч төлөөлөгчийг ихэд “найрсгаар” хүлээн авч уулзсан боловч удалгүй элч нарын толгойг таслан авч, хаан суудлынхаа чимэг болгон залжээ. Хэдэн жилийн дараа түүний хариу болгож, голландчууд хааны толгойг авч, нутаг руугаа авч явсан байна. Сураг чимээгүй байсаар 150 жилийн дараа голландын нэгэн музейд формалинтай шилэн саванд хадгалаастай байсныг олжээ.
2009 оны долдугаар сард Гана улсын эрх баригчдын хүсэлтийн дагуу хааны толгой Африк руу буцах аялалд гарчээ. Баду Бонсу хааныхаа толгойг Аханта овгийнхон ёс төртэй оршуулсан байна.
10. Баньолесийн чихмэл негр
XIX зууны үед Францын чихмэл хийдэг хэсэг хүн Калакарийн элсэн цөлөөр аялж яваад оршуулаастай байсан нэгэн цогцос олж, Европ руу явуулжээ. 1830 онд цогцсыг чихмэл болгон өөрчилж, Баньолесийн Дардерийн музейд үзвэр болгон тавьсан байна. 1991 онд Гайти гаралтай Испанийн нэгэн хүний эмч уг чихмэлийг олж үзээд хэвлэл мэдээллээр дамжуулан эсэргүүцлээ илэрхийлжээ.
Африк тивийн хар арьстай хүмүүсийг Европынхан анх харж байсан тэр үед африк хүний чихмэлийг “илүү африк дүр төрхтэй” болгохын тулд замын хар асфальт түрхэн будаж байсан байна. Баньоласын хүний чихмэлийг 2000 онд Ботсван улсад хүргүүлж, төрлөх нутагт нь оршуулсан аж.
Эх сурвалж: TIMES
Бэлтгэсэн Д.Пунцаг