
Одоогийн байдлаар энэхүү хүмүүнлэгийн аянд Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоо, Монголын сурагчийн холбоо, Монголын скаутын холбоо зэрэг хүүхэд залуучуудын байгууллагууд оролцож, хувь нэмэр оруулахаа илэрхийлээд байгаа аж.
“Надад мөрөөдөл бий” сангийн тэргүүн П.Анхбаяр энэ талаар “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн их байгаагаас нийслэл хотын хүн ам хурдтай өсөн 1990 онд нийт хүн амын 55 хувь нь хотод амьдардаг байсан бол 2012 онд 68 хувь болж нэмэгдсэн ба эдгээрээс 18 нас хүртэлх насны хүүхэд 34 хувийг эзэлж байна. Төрөлт нийслэлийн хэмжээнд тогтмол өсч ирсэн. Жишээлбэл, 2012 онд улсын хэмжээнд 74474 эх төрсөн нь өмнөх оноос 4146 төрөлтөөр нэмэгдсэн бол Улаанбаатар хотод 37024 эх төр төрж өмнөх онтой харьцуулахад төрөлт 8.86 хувиар нэмэгджээ. 2012 оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн хүндрэлийн 38428 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь 1000 амьд төрөлтийн 74,5 хувь нь гэсэн үг юм. Энэхүү харамсалтай байдал нь үр хөндөлтийг ихэсгэх бас нэгэн шалтгаан болсон нь өнгөрсөн онд 1000 амьд төрөлт тутамд 247 үр хөндөлт хийгдсэн аймшигт мэдээгээр нотлогдож байна. Хүүхэд, өсвөр насныхны эндэгдлийн багагүй хувь нь эмчилж болохуйц эмгэгийн улмаас үүджээ. Хүн амын тоо, агаарын бохирдлын түвшин нэмэгдсэн энэ үед хүүхдэд зориулсан төрөлжсөн эмнэлэг нэг ч байхгүй байна. Эмч, орны хангалтгүй байдлын улмаас эмнэлгийн коридорт эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйлчлүүлж, зарим нь эмчлүүлж ч чадахгүй байгаа дүр зурагтай та бид өдөр тутам дайралдаж байна. Улаанбаатар хотод хүүхдийн клиник байгуулах аян олон нийт, байгууллага, иргэд та бүхний оролцоотойгоор хэрэгжиж эхэлснийг дуулгахад таатай байна” гэсэн юм.