Хуучирсан мэдээ: 2014.02.18-нд нийтлэгдсэн

via National
Geographic Traveler Mongolia


“40, 50 мянгат Улаанбаатар хотын түүхэнд чухал үүрэгтэй. Учир нь тэд анхны орчин
үеийн хорооллууд байсан юм” хэмээн Бөхийн Өргөөний хажууд байрлах Улаанбаатар
хотын музейн түүхч Г.Очбаяр ярив. 1950-иад он хүртэл Улаанбаатарын иргэд хотоор
нэг таруу байрласан хашаа байшин болон гэрт амьдардаг байв. 1958 онд оросуудын
санаачилгаар Монгол улсын Засгийн газраас тухайн үеийн элитүүд болох Монгол
Ардын Намын хамгийн нөлөө бүхий гишүүдэд зориулан хэд хэдэн төвлөрсөн орон
сууцны хорооллыг барьж байгуулснаар энэ байдал өөрчлөгдсөн юм. Хотын төвд
40,000 м2 газар дээр эхний орчин үеийн 5 давхар орон сууцны барилгуудыг
барьснаар тус бүтээн байгуулалт эхэлсэн. Хотын ихэнх иргэд энэ нэр нь 40,000
айлын орон сууц баригдсанаар нэрлэсэн гэж таамаглацгаах боловч үнэн хэрэгтээ
нэр нь хорооллыг барьсан газрын хэмжээтэй холбоотой ажээ. Засгийн газар дараагийн
гурван жилийн дотор дахин хоёр хорооллыг (2-р 40 болон 50 мянгат гэгдэх)
босгож, улмаар 1961 онд Улсын Их Дэлгүүрийн барилгыг барьж дуусгажээ. Харин
одоо энэ гурван хороолол нь Төв Шуудан, Сүхбаатарын талбайн баруун тал, Улсын
Их Дэлгүүрийн ойр орчим гээд Энх Тайвны Өргөн чөлөөний хойд тал руу тэлсэн
байна.

Эдгээр хорооллуудын орон сууцнууд Улаанбаатар хотын хэмжээнд орчин үеийн бие
засах газар, угаалгын өрөөнүүдийг байр бүрт стандарт болгон байгуулж, анх
нэвтрүүлж байв. Оросын Гепрокор Хүрээлэнгийн гаргасан зураг төслөөр бүтсэн орон
сууцны блок барилгууд нь тэдгээрийг дагалдах сургууль, цэцэрлэгүүдтэй хамт
баригджээ. 23-р дунд сургууль бол намын элитийн хүүхдүүд, төрийн чухал албан
тушаалтнуудын хүүхдүүд суралцдаг гэдэг утгаараа энэ хавьдаа хамгийн нэртэй
сургууль нь байв. Ийм элит оршин суугчид ЗХУ, Унгар, Болгар, Польш, Чех зэрэг
социалист орнуудад аялах боломжтой байсан бөгөөд буцаж ирэхдээ цэнхэр жинс
өмсөж, Бийтлз хамтлагийн пянзуудыг авчирч, рок дуу сонсдог байсан нь 40, 50
мянгатынхныг түгээмэл моод дэлгэрүүлэгчид болгосон юм.

үргэлжлэл: National Geographic Traveler Mongolia


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж