Тэрбээр 2013 оны арваннэгдүгээр сарын 10-нд УИХ-аас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Үүнээсээ өмнө Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ор нэр төдий гишүүн байх эрхээс татгалзах хүсэлтээ ч илэрхийлсэн. Түүнд нь Ардчилсан нам “Та манай намын нүүр царай, тод томруун лидер учраас хасч чадахгүй” гэх тайлбарыг өгсөн байдаг. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд дээрхи утга бүхий тайлбарт санал нэгдэж түүнийг авч үлдсэн. Иймд УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын чуулганы хуралдаан тасалсан хариуцлагыг хувь хүнээс нь бус харин Ардчилсан намаас нэхвэл зохилтой болов уу. “Дургүй ламд даржийж сахил хүртээнэ” гэдгээр бодоход ийм хариу гарах аж. Өөрөөр хэлбэл Р.Амаржаргал гишүүнийг чуулганы хуралдаанд суусангүй гэж битгий зэмлэ. Бүү буруушаа. Харин өөрдсийн эрх ашгийн тулд хувь хүнийх нь шийдвэрийг үл хүндэтгэж УИХ дахь ганц суудлаа авч үлдсэн Ардчилсан намыг шүүцгээ.
Тэд УИХ-ын гишүүн Д.Арвинг Ардын намын квотоор УИХ-д сонгогдсон ч Ардчилсан намд элсэхэд боломжтой бүх хувилбараар дэмжсэн. Бараг л “Булаагаад авчихсан”. Харин Р.Амаржаргал гишүүнийг өөрсдийнх нь үйл хэрэг буруу байгаагаас ичиж, өөрөө өөртөө, өөрөөрөө дамжуулан Ардчилсан намд хариуцлага тооцох тухай ярихад үгийг нь үг биш, үнэнийг худал болгож орхисон. УИХ-ын чуулганы танхимд “Эстонид Ерөнхий сайд нь зах дээр байшингийн дээвэр нурахад огцорсон. Энэ хүн бол хариуцлагаас зугатаж, бусдыг хаацайлж байгаа, ёс зүйгүй аашилж байгаа хэлбэр биш байх. Ардчилал өндөр хөгжсөн орнуудад байдаг улс төрийн соёлын тухай асуудал. Улс төрийн хариуцлага гэж байх ёстой. Монголын нийгэмд хариуцлага алга болоод бүр сураггүй болчихлоо. Өргөдлийн хэмжээнд л хүмүүс хараад байх шиг. Өргөдөл өгснөөр ямар асуудал гаргаж, төвлөрүүлж, тодруулав гэдэг нь чухал” гэж хэлсээр байхад шүү дээ. Үүнээсээ ч өмнө тэрбээр “Шинэ Засгийн газрын сайд нар, эрхэм гишүүд бүгд л эдийн засгийн хямралын тухай яриад эхэллээ.
Телевиз, сонин хэвлэл, сайтууд өнгөрсөн долоо хоногийн турш хямралын сэдвийг онцгойлон хөндөж эхэллээ. Гэхдээ нэг л сэжигтэй. Сайтар анзаарвал хэн нэгэн найруулагчийн дэглэсэн туйлын алсын бодолтой эхлүүлсэн том жүжиг, ухуулга суртачилгаа, маш том пиар дэгдэж байгаа нь тодорхой болов. Тэр тусмаа гадны томоохон хөрөнгө оруулагчид эл сэдвийг өндөр давтамжтай цацаж байгаа нь ч илт байна” хэмээн бичиж байсан. Энэ бол түүний Ардчилсан намаас, УИХ дахь олонхийн үйл хэргээс ичиж буйгийнх нь илрэл. Гэтэл нам нь түүнийг УИХ дахь ард түмний талын халхавч болгохыг хүссэн. Хэлэлцэж буй асуудалд өөрсдийн талд кноп дарах нэг үл үзэгдэгч байлгахыг зорьсон. Иймийн учир УИХ-ын гишүүн Р.Амаржаргалд чуулганд суугаагүйн буруу гэж байхгүй. Явахыг хүссэн нь өөрөө, үлдээхийг хүссэн нь бусад нь болохоор тэр. Өөрөөр хэлбэл түүнд өвчлөх, таслах эрх бий. Тэр энэ эрхийг хүссэндээ эдлээгүй. Харин хүчээр эдлүүлж байгаа учраас ирэх чуулганд ч ийм л ирцийн мэдээг та бид олон нийтэд хүргэх болов уу. Товчхондоо УИХ аль хэдийнэ Р.Амаржаргал гишүүний хувьд бодлого уралдуулж, үнэнийг олж, улсын хөгжлийг зурдаг үнэ цэнтэй хууль тогтоох засаглал байхаа больчихсон юм.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин