Сангийн сайд хотын амьдралтай танилцав

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Сангийн сайд хотын амьдралтай танилцав

Хотын мээр Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр нарын урилгаар Сангийн сайд С.Баярцогт өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар хотын амьдрал ахуйтай танилцжээ. Тэд хамгийн түрүүнд нийслэлийн хамгийн ачаалал ихтэй гэгддэг Баянзүрх дүүргийн 21-р хороогоор орсон юм.  Зөвхөн энэ хороо гэхэд 20 мянган иргэнтэй.  Дэгсдүүлэхэд нэг аймгийн төвөөс ч олон оршин суугчтай ийм хороо Улаанбаатарт байдаг гэдгийг албаныханд мэдрүүлэх, хэдий хэр ачаалалтай ажилладгийг ойлгуулах ажил эндээс эхэлсэн. 20 мянган иргэнд гарын таван хуруунд багтах хүмүүс төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлж суудаг байна. Гэвч хорооныхон хүн хүч хүрэлцэхгүй, хийх ажил толгойтой үснээс их хэмээн халшралгүй хорооныхоо иргэддээ төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэж,  тэднээс ирүүлсэн санал хүсэлтэд 14 хоногийн дотор  хариул өгч байх, тохижилт хийгээд гэрэлтүүлгээрээ дүүрэгтээ топ хороо болно гэсэн том зорилт тавьжээ. Хороо хүрэх зам үнэхээр бартаатай. Энхэл донхолд тонгочуулсаар хорооны иргэд хотын төв рүү зорчдог аж. Хорооны оршин суугчдын дийлэнх нь Улаанбаатар хоттой нас чацуу Цагаанчулуутын хогийн цэгтэй хаяа дэрлэн амьдардаг юм байна. Уг хогийн цэгийг 2003 онд хаасан ч олон жилийн хур хог дахин өндийж хаа сайгүй хийсч эхэлжээ. Нийслэл хотын зүүн хойд талыг бараг тэр чигт нь нөмөрч болохуйц хогийн цэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийхгүй бол халдварт өвчний үүр уурхайтай Улаанбаатар хотын 20 мянган хөрш зэргэлдээ амьдарч суугааг Сангийн сайд нүдээрээ харлаа. Сангийн сайд, хотын дарга хоёрыг дагасан албаны хүмүүсийн очсон дараагийн хүнд талбар нь Цайз захаас Шар хадны эцэс хүртэлх зам байлаа. Энэ жил Баянзүрх дүүрэгт хоёр зам засахаар төлөвлөсөн ч  гүйцэтгэгч олдохгүй аргаа барж суугаагаа учирлалаа. Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр  гүйцэтгэх замын эдгээр  ажилд компаниуд оролцох нь битгий хэл ойртох ч үгүй байгааг хотын дарга дуулгасан. Нэг замыг 2,5 тэрбум, нөгөөхийг нь дөрвөн тэрбум төгрөгөөр барих тендер зарласан ч оролцох газар олдоогүй аж. Иймэрхүү хотын иргэдэд хүрсэн, ачаалалтай, хүнд нөхцөлд амьдарч байгаа нийслэлчүүдэд тус дэм болох ажилд сангийн яам дэмжлэг үзүүлбэл хотын автозамын ачааллыг бууруулах, тэндхийн иргэдийн ая тухтай тухтай амьдрах боломж бүрдэх юм байна. Хотод тулгараад байгаа дараагийн нэг тулгамдсан асуудал бол үерийн ус зайлуулах далан. Өнгөрсөн жил наадмын дараахан Баянзүрх дүүргийн 13, 14-р хороо тэр чигээрээ үерт автсан. Үерийн гол зам дээр байрладаг энэ хорооны 1000 айл усанд автаж 153 айл гэртэй юутайгаа урссан гэдгийг дүүргийн Засаг дарга Сангийн сайдад дуулгав. Тэгэхээр үерийн гол голомт болсон энэ нутаг дэвсгэрт далан барих шаардлага зайлшгүй бий гэдгийг газар дээр нь  аваачиж  үзүүллээ. Одоогоор үерийн далан барих зураг төслийн ажил нь хийгджээ. Үүнд 475 сая төгрөг зарцуулсан байгаа юм байна. Энэ хавийн айлууд хур бороо үргэлжлэн ороход үер уснаас айдаггүй болоход 3,8 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тоон дүн дуулгалаа. Ерөөсөө Улаанбаатар хотыг үер уснаас өвч бүрэн хамгаалж үерийн даланг эргэн тойронгүй байгуулья гэвэл 38 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоог ч харууллаа. Сангийн сайдын дараагийн очсон газар Харгиа цэвэрлэх байгууламж. Хан-Уул дүүрэгт байрлах энэ цэвэрлэх байгууламж нийслэлийн өмч болоод удаагүй байгаа.  Үнэр танар гэж авах юм байхгүй  цэвэрлэх байгууламжид  20 гаруй аж ахуйн нэгж бохир усаа нийлүүлж байна. Олон жил болж  техник технологи нь элэгдэлд орж дууссан энэ газрыг цэгцлэхгүй бол хатан Туул гол удахгүй ногоорч, улаанбаатарчууд уух усгүйдэж мэдэх аж. Зөвхөн энэ өдөр ч биш Туул гол харгиагаас доош ногоон өнгөтэй өмхий үнэртэй урсдаг юм байна. Харин тэд нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болсноос хойш өөрсдийн хүчин чадлаар лагаа цэвэрлэж, механик цэвэрлэгээний буюу хоёр шаттай цэвэрлэгээний нэгийг хийдэг болжээ. Харин иж бүрэн шинэчилж Төв цэвэрлэх байгууламж руу дамжуулах бохир усыг тунгалаг болгоход 1,5 тэрбум төгрөг давын өмнө шаардлагатай байгааг Сангийн сайд мэдэж авлаа. Ийнхүү хөрөнгө мөнгө шийдэж өгөхгүй бол Монгол Улсын маань нийт хүн амын тал хувь нь амьдардаг нийслэл хот тун ч бүрхэг байдалтай суугааг С.Баярцогт сайд нүдээрээ үзэж биеэрээ харлаа. Сангийн сайдын зүгээс хэд хэдэн газрын дарга нараа дагуулан бодит байдлын нэгээхэн хэсгийг биечлэн авч үзсэн олзуурхууштай үйл явдал гэж хотынхон баярлаж  байна. Энэ нь ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэж  суугаа энэ үед цаг үеэ олсон ажил байлаа.
Б.Анхаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж