Сочийн өвлийн наадмын уран гулгалтын төрөлд таван багц медалийн эзэд тодрохоос дөрөв нь эздэдээ очоод байна. Хамгийн сүүлийнх нь маргааш эхлэх эмэгтэй ганцаарчилсан төрөл юм. Тэмцээний эхний өдөр буюу 18-нд тамирчид богино үзүүлбэрээр өрсөлдөж, өндөр оноо авсан нь удаахь өдөр чөлөөт үзүүлбэрээ үзүүлэх учиртай билээ. Богино үзүүлбэрт 21 орны 30 тамирчин бүртгэлтэй байгаагаас БНСУ, Япон, АНУ-аас тус тус гурав, ОХУ, Канад, Итали, БНХАУ-аас тус тус хоёр тамирчин Сочийн мөсөн талбайд өрсөлдөхөөр эрхээ авчээ.
Энэ удаагийн олимпийн бас нэг онцлог нь уран гулгалтын тэмцээнд багийн төрөл нэмэгдсэн явдал. Энэ төрөлд ууган аваргаар тодорсон ОХУ-ын багийн бүрэлдэхүүнд багтсан Юлия Липницкая хувийн үзүүлбэрээрээ Японы Мао Асада, дэлхийн аварга, Италийн Каролина Костнер, багийн төрлөөс хүрэл медаль хүртсэн АНУ-ын Эшли Вагнер нараас илүү гарч чадсан. Багийн төрөлд БНСУ-ын баг оролцоогүй тул түүнийг Ким Юнатай харьцуулах боломж одоохондоо гараагүй байна. Тиймдээ ч эмэгтэй, ганцаарчилсан төрлийг таамаглахын аргагүй. Ванкуверийн олимпийн аварга БНСУ-ын Ким Юна өнгөрсөн жилийн ДАШТ-д түрүүлснээр дэлхийн хошой аварга болсон. Тэрээр бэртлийн улмаас 2013-2014 оны цувралуудад оролцоогүй ч улсын аваргадаа түрүүлж, Сочийн эхний сорилтоо амжилттай давсан билээ.
Сочийн мөсөн хатдын тулаан маргааш Улаанбаатарын цагаар 23.00 цагт богино үзүүлбэрээр эхэлнэ. Олимпийн шилдгүүд 19-нд тодорно.