Ч.Чимэдсүрэн: Бидний эсрэг ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.18-нд нийтлэгдсэн

Ч.Чимэдсүрэн: Бидний эсрэг ажиллаж байна

Сүүлийн үед МАХН-тай холбоотой МАХН-ын гишүүд засгаас гарна, Н.Энхбаяр дарга Монголд ирж засагт орно гэх мэтчлэн олон асуудал гараад байгаа юм. Тиймээс энэ бүх асуултанд хариулт авахаар МАХН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Чимэдсүрэнг “Ярилцах танхим”-даа ури­лаа.

-Намын даргатайгаа золгохоор Өмнөд Солонгос орныг зорьсон МАХН-ынхан хэл амтай, хэрүүл шуугиантай ирсэн гэж байсан. Энэ талаар тодруу­лахгүй юу?

-Намын даргатайгаа зол­голт хийж, амар мэндийг мэдээд ирлээ. Энэ үеэр мэдээж намын удирдах бүрэлдэхүүн, гүйцэтгэх товчооны гишүүд, УИХ, Засгийн газрын гишүүд явсан учраас намын дотоод үйл ажиллагаа, хэтийн төлөв, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө зэргийг ярилцсан. Нэг үгээр хэлбэл, уулзалт хурал болсон.

-Гэхдээ хурал нэлээд ширүүхэн болсон юм биш үү?

-МАХН бол шударга ёсны төлөөх нам. Шударга ёсны төлөө хоорондоо эвлэлдэн нэгдээд энэ намын нэрийг дахин сэргээгээд ажиллаж байна. Энэ хугацаанд мэдээж нам доторх үйл ажиллагаанд алдаа оноо, давуу тал гээд олон зүйл гарч буй. Энэ утгаараа зарим нэг намын удирдах ажилтнуудыг ажлын чанар шаардлага хангахгүй байна, арга барил буруу байна гэсэн шүүмжлэл өрнөх нь тодорхой. Ер нь тэгж байж улс төрийн намын ажил жигд шулуун шударга байж улс орныг тодорхой түвшинд хүргэх бодлого боловсруулна. Аливаа улс төрийн намын үйл ажиллагаа үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн нэгдэл.

Улс орныг хөгжүүлэх төрийн бодлого яаж зохистой байх уу гэдэг уралдаан. Үүгээрээ сонгуульд ордог. Тиймээс зарим нэг асуудал дээр санал бодлоо хэлсэн тал бий.

-Тэнд хамгийн хүчтэй яригдсан сэдэв нь намын Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал. Генсект таныг өрсөлдөж байгаа гэх юм. Ер нь Г.Шийлэгдамба даргыг өргөдлөө өгөөд ирсэн гэсэн шуум бий. Энэ үнэн үү?

-Нэг хэсэг хэвлэл мэдээллээр Ц.Шаравдорж даргыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга болох гэж МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн гэсэн мессэж  тархсан. Үүний нэгэн адил намайг энэ хурлаар ганц нэг хүмүүсийг ихээхэн хүчтэй шүүмжилсэн учраас тэгж хардаж байж магадгүй. Г.Шийлэгдамба бид хоёр улс төрийн хүрээнд ч, хувийн харьцаандаа ч  найз нөхөд.  Гэхдээ найз нөхөд байлаа гээд ажлаа сайжруул гэж шахаж шаардаж болохгүй гэсэн үг биш. Энэ утгаараа ажлаа сайжруул гэсэн шүүмжлэл хэлсэн. Үүнийг намын зарим нөхөд дэмжиж, зарим нь харзнах байр суурьтай байгаа юм. Ерөнхий нарийн бичгийн даргын тухайд одоогоор надад өрсөлдөх бодол алга. Г.Шийлэгдамба гэдэг хүнийг генсек учраас шүүмжлэх үедээ шүүмжилнэ. Дэмжих үедээ ч дэмжинэ.

-Тэгвэл таныг Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөхгүй гэж ойлгож болох уу?

-Нөхцөл байдал яаж эргэхийг мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий нарийн бичгийн даргын сунгаа явж болзошгүй гэж үзвэл сонирхолтой хүмүүс нь нэрээ дэвшүүлээд явж болох байх. Гэхдээ юуны түрүүнд намын бодлого хэрэгжүүлэх төвшинд намын дарга, намын удирдах байгууллага нэр дэвшигчдийг тодруулж байж дэвшүүлэх ёстой. Намын дарга, намын удирдах байгууллага шийдээгүй тохиолдолд Ерөнхий нарийн бичгийн дарга солигдох тухай огт яригдахгүй.

-Г.Шийлэгдамба даргыг шүүм­жлэх болсон шалтгаан нь?

-Хууль бус үйлдлээр, янз бүрийн шалтгаанаар МАХН-ын үйл ажиллагааг харлуулах гэсэн мэдээлэл цацаж, өөр үйл ажиллагаа явуулж буй хүмүүстэй эрс шийдэмгий хатуу байр сууриа илэрхийлээд байж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын хууль бус үйл ажиллагааг хэрхэн зогсоох тал дээр Ерөнхий нарийн бичгийн дарга юу хийх төлөвлөгөөтэй байгаа юм бэ гэдэг дээр дуугарах ёстой. Ер нь бидний хувьд ямар ч тохиолдолд МАХН-ыг байхгүй болгох, ямар нэгэн аргаар тараан бутраах, хооронд нь эв түнжингүй болгох, өдөр тутмын үйл ажиллагааг нь тасалдуулах арга хийж байгаа хүмүүстэй эвлэрэхгүй. Хамгийн сүүлчийн жишээгээр  гэхэд Говь-Алтай аймгийн сонгуулийн сурталчилгааны үеийн уулзалтуудыг зориуд тасалдуулахын тулд тогийг нь тасалсан хүмүүсийн уур амьсгалыг хагалах гэж оролддог, хүмүүст мөнгө төгрөг өгч зориудаар үймээн самуун тарих гэсэн оролдлогууд гарсан. Өрсөлдөгч улс төрийн хүчнийхэн ийм арга барилаар бидэнтэй хандаж байгаа бол бид сөргүүлээд яг л тийм хурц хэлбэрээр тэмцэх ёстой. Г.Шийлэгдамба бид хоёрын хувьд ийм зүйл дээр үл ойлголцол гардаг. Би болохоор тэр хүмүүсийн эсрэг хатуу байр суурьтай тэмцэх ёстой гэж үздэг бол Г.Шийлэгдамба асуудлыг зөөлөн аргаар үзэх ёстой гэсэн байр суурьтай хүн. Улс төр хийж байгаа үед иймэрхүү сөргөлдөх зүйл гарна шүү дээ. Зарим тохиолдолд бие биенээ дэмжээд явах үе ч гарна.

-Ирэх дөрөвдүгээр сард намын их хуралдай болно гэсэн. Энэ үеэр намын бүтэц зохион байгуулалт яригдах байх. Ер нь намын Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуулийн хугацаа гэж байх уу?

-Аливаа улс төрийн нам хүчний хувьд Ерөнхий нарийн бичгийн дарга голлох байр суурьтай, намын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж ажилладаг. Өөрөөр хэлбэл өдөр тутмын үйл ажиллагааны гол зохион байгуулагч гэсэн үг. Харин нарийн бичгийн дарга нар өөрсдийн хариуцсан чиглэлээрээ үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ утгаараа Г.Шийлэгдамба генсек 2012 оны сонгуулийн дараа Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Үүнээс хойш намын өдөр тутмын үйл ажиллагаа доголдсон уу, намын олон нийтэд хандах байр суурь нэмэгдсэн үү, буурсан уу, намын дотоод уур амьсгал эв түнжинтэй байна уу, үгүй юу, намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна уу,  УИХ-д намаас дэвшүүлж байгаа бодлого хэрэгжиж байгаа эсэх, намын мөрийн хөтөлбөр Засгийн газрын түвшинд ямар хэмжээнд явж байна, ард иргэдэд таалагдаж байгаа эсэх, агентлагийн дарга нар үүргээ гүйцэтгэж ажиллаж байна уу. Энэ нь иргэдэд хэр нийцэж байгаа эсэхээс Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг бүрэн хэмжих  боломжтой. Харин намын дарга бол бодлого гаргадаг, хэрэгжүүлэх үүрэг өгдөг. Ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нар энэ бүхнийг хэрэгжүүлдэг. Энэ утгаараа намын Их хурал дээр МАХН 2012 оны сонгуулийн үр дүнгээс ухарсан уу, урагшилсан уу гэдэг асуудал хүчтэй яригдана. Ер нь аль ч улс төрийн намд байдаг асуудал. Хэрэв бид 2012 оны сонгуулиас амжилттай байсан гэж Их хурлын төлөөлөгчид үзэх юм бол генсекийг заавал солих шаардлага байхгүй. Их хурлаар асуудал хэрхэн шийдэгдэх вэ гэдэг нь намын гишүүдийн үнэлэлт дүгнэлт. Ер нь намын генсекийг намын дарга санал болгож батлуулдаг. Энэ утгаараа Н.Энхбаяр дарга Г. Шийлэгдамба генсекийг шүүмжлэх байр суурьтай байгаа. Ажлаа сайжруул, чанаржуул, орон нутгаар яв, шударга ёсны аянаа үргэлжлүүлж хий, анхан шатны байгууллагуудаа идэвхжүүл гэсэн зүй ёсны шаардлагуудыг тавьж байгаа юм. Цаг тутам тавигддаг шаардлагыг өдөр тутам баримтлаад явах ёстой. Г.Шийлэгдама гэдэг хүний хувьд үүнийг заавал биелүүлэх ёстой.

-Намын дотоод уур амьсгал ямар байна вэ. Гадуур тархсан яриагаар бол нэлээд бужигнаантай байх шиг?

-Хэвлэл мэдээллийнхэн байнга шинэ содон юм хайж явдаг даа. Энэ утгаараа тэнд нэг нам хуваагджээ гэсэн нь нэлээд сенсааци дагуулдаг байх. Гэтэл бодит байдал дээр анхан шатны байгууллага дээр өрсөлдөөн байна гэдэг бол тухайн нам амьд байгаагийн шинж. Яагаад гэвэл тэнд аль нэг даргын тушаалаар асуудал шийдэгдэхээсээ илүү хувь хүний үзэл бодлын өрсөлдөөн байна гэдэг нь харагдаад байгаа юм. Харин үүнийг нь зөв өрсөлдөөний талбар болгох ёстой. Ингэснээр нам, анхан шатны байгууллага улам бэхжиж тэлж, улам чанаржиж, боловсон хүчний бүрэн бэлтгэл хангагдах нөхцөл байдал бүрдэж байгаа юм. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэгтэй адилхан хоёр хүн хоорондоо өрсөлдөөд, хоёр хэсэг бүлэг хүмүүс өрсөлдөхөд аль нэг нь давамгайлж таарна. Давамгайлсан нэгнээ харин нөгөө тал хүлээн зөвшөөрөөд хамтарч ажилладаг байх хэрэгтэй. Ийм л зарчим улс төрийн намд үйлчилдэг. Түүнээс биш тэнд хуваагдаж гэнэ гээд хоорондоо дайсан болоод хэдэн арван жилээр үргэлжилсэн дайн тулаан болоод бие биенийгээ худлаа гүтгээд байж болохгүй. Зарчмын хувьд өрсөлдөх ёстой. Өрсөлдөөн байна гэдэг нам амьд байгаагийн шинж. Нам өсөж байгаагийн шинж. Намын рейтинг улам хүчтэй болохын дохио.

-Өнгөрсөн жил МАХН-ын анхан шатны байгууллагынхан хоёр хуваагдаж хэвлэлийн хурал хийж байсан. Тэд одоо нэгдэж чадсан гэсэн үг үү?

-Манай намынхан чинь хоо­рондоо хэчнээн өрсөлдөж байгаа ч гэсэн бие биенийхээ, олонхийнхоо шийдвэрийг хүндэтгэдэг хүмүүс байдаг. Харин ганц нэгхэн заавал миний зөв, би ялах ёстой гэсэн зүй бус авиртай хүмүүс байна. Тэр хүмүүс намын эгнээнээс аль хэдийн хасагдсан. Энэ хүмүүс өнөөдөр МАН-ын гар хөл болчихсон, тэднээс мөнгө төгрөгийг нь аваад тэдний санхүүжилтээр амьдарч байгаа. Тэр бүү хэл МАН-ын байранд хулгайн ажлын өрөө байгуулчихаад түүгээрээ дамжуулаад өөр хүмүүсийн ажил амьдралд хөндлөнгөөс оролцоод хов зөөж, буснин хутгах үйл ажиллагаа явуулж байгаа. Яахав тэр хүмүүсийн амьдрах арга нь юм байлгүй. Хэн нь ямар ааш авир гаргаж  байна, хэн нь юу хийж чадаж байгааг намын гишүүд дэмжигчид харж байгаа байх.

-Н.Энхбаяр даргатай уулзаад ирсэн. Биеийн байдал нь ямар байна. Мөн Н.Энхбаяр даргыг Шадар сайд болох гэж байна гэсэн мессэж их явж байна?

 – Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээ мэдээлэл гарсан. Н.Энхбаяр дарга цагаан сараар Монголд ирэх гэнэ, О.Баасанхүү гишүүний оронд УИХ-ын гишүүн болно, Шадар сайд болох гэж байгаа гэх мэтчлэн. Монгол Улсын төрийн гурван өндөрлөгөөр тодорхой хугацаанд ажилласан, дэлхийн улс төрийн тавцанд өөрийн байр сууриа үлдээж чадсан хүний хувьд шадар сайд хийнэ гэдэг зангараг багатай юм даа. Н.Энхбаяр дарга ч надтай санал нэгдэх байх гэж бодож байна. Мөн Н.Энхбаяр дарга эргэж улс төрд орох гэж байгаа гэсэн мэдээлэл гарах юм. Би үүнийг ерөөсөө ойлгохгүй байгаа. Угаасаа Н.Энхбаяр дарга улс төрд байна шүү дээ. Намын дарга хийнэ гэдэг чинь улс төрд байгаа л гэсэн үг биз дээ. УИХ-д суудалтай, Засгийн газарт төлөөлөлтэй, бүлэгтэй ийм том улс төрийн хүчинг удирдаж байгаа нь улс төрд байгаагийн шинж биз.

-МАХН-ынхан Засгийн газ­раас гарах гэж байгаа гэнэ гэсэн мэдээлэл их тархсан. Үүнд тайлбар хийгээч?

-МАХН-ыг засгаас гаргах гэсэн сонирхолтой хэсэг бүлэг хүмүүсээс гарсан яриа байх. МАХН-ыг засгаас гаргах сонирхол Монгол Ардын намд л байгаа шүү дээ. МАХН засгаас гарчих юм бол УИХ-ын сонгуулиар тавьсан мөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх боломжгүй болно, ард иргэдэд худлаа амалсан болно, худлаа амалсан болохоор 2016 оны сонгуулийн үр дүн муу гарна. МАХН-ын хувьд Засгийн газартай ажиллана. Энэ бол миний байр суурь, манай намынхны байр суурь.

-УИХ-д нэг намын эрх хэт их давамгайлж байна гэж танай намын зүгээс шүүмжилдэг?

-Манай намын ганц, хоёр гишүүдийн зүгээс гаргасан шүүмжлэл. Гэхдээ УИХ-ын гишүүд нэг хууль санаачлаад, тэр хуулийг батлуулахын тулд гишүүд нэрээ бичүүлдэг болчихсон гэж сонссон. Өөрөөр хэлбэл ямар ч судалгаа хийхгүйгээр нэрээ л оруулж байна гэсэн үг. Яагаад нэрээ оруулж байгаа юм гэсэн чинь нэг хуулийг батлуулчихвал 10 сая төгрөг авдаг гэнэ. Тэгэхээр Ардчилсан намын гишүүд 10 сая төгрөгийн урамшууллаа авахын тулд илүү их идэвхтэй ажиллаад байх шиг. Ер нь УИХ, Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа бол хамтарсан шиг хамтарч чадахгүй бүх зүйл дээр би, би гээд өлсгөлөн өлөн нүдээр асуудалд хандаад байх юм бол хэт их идээд гэдэс нь өвдвөл өөрөө л хариуцлагаа хүлээнэ биз дээ. Тэр үед бид шүүмжлээд сууна шүү дээ. Тэгээд та нар би би гээд байсан яасан юм гэнэ. Муу нохойн гэдсэнд шар тос тогтохгүй гэдэг шиг л юм болно. Тэгэхээр бид тийм л байр суурьтай байгаа юм.

-Их хуралдай хуралдах үер Н.Энхбаяр даргыг ирнэ гэсэн гэх юм?

-Н.Энхбаяр дарга дөрөвдүгээр сарын сүүлээр ирнэ. Тэр үер намын их чуулганаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.  Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАХН ямар үр дүнд хүрэв, юу хийж чадав гэдгээ гишүүд дэмжигчиддээ тайлангаа тавина. Ингэхийн тулд бид хоёр, гурав, дөрөвдүгээр сард бүх аймаг сумдаар явах төлөвлөгөөтэй байгаа юм. Тэгээд эхний групп Хөвсгөл аймгаас ажлаа эхэлж байна.

-Улс төрийн намуудын хувьд сонгуулийн үеэр гишүүдтэйгээ ажилладаг. Бусад үед хаячихдаг гэсэн шүүмжлэл дагуулдаг?

-Манай намын хувьд гишүүд­тэйгээ хийх уулзалтаа тасалдаггүй. Ер нь улс төр хийнэ гэдэг жирийн гишүүд дэмжигчидтэйгээ үргэлж харилцаж санал бодлыг нь сонсож, шүүмжлэлийг нь ч хүлээж авах ёстой. Заримдаа тэр хүн буруу шүүмжлэл хэлээд байвал засаж хэлж ойлгуулж байдаг. Энэ утгаараа манай намынхан гишүүд дэмжигчидтэйгээ нээлттэй асуудлыг гаргаж тавьж олон нийтэд хүргэдэг гэж гишүүд дэмжигчид ам сайтай байдаг. Яагаад гэвэл чуулган, Засгийн газар дээр ч манай нэг гишүүн болохгүй юм байвал хэлж байдаг. Энэ улс орон мөнгөгүй төгрөггүй хүнд хэцүү нөхцөлд байна гэдгийг бид яриад, хэлээд л байгаа шүү дээ. Гэтэл МАН-ынхан та нар ямар муухай юм бэ, энэ улс орон чинь мөнгөгүй болчихоод хөл дээрээ суух гэж байна гээд худлаа яриад байх юм. Бодит байдал дээр нөхдүүд өөрсдөө л хийчихсэн шүү дээ. Тэдний баачихсан баасан дээр бид халтирах ёстой юм гэнэ. Уучлаарай тийм зүйл байхгүй. Халтирахгүйн тулд бид Засагт ажиллаж байгаа. Харин нөгөө талд хийсэн заваан зүйлийг цэвэрлэхийн тулд тэдэнтэй хамтарч ажиллаж байна шүү дээ. Энэ улс орныг дангаар нь тэдэнд өгчих юм бол бүр заваартана биз. Нөгөөдүүл нь баасан баас нь дээр нь нэмэж халтираад хөгийн юм болно шүү дээ. Энэ утгаараа бид тэнцвэржүүлэгч улс төрийн хүчин. Бид шүүмжилнэ, бас дэмжинэ.

-МАХН хэчнээн гишүүдтэй болсон бэ. Удахгүй нөлөө бүхий улс төрчид, олны танил хүмүүс гишүүнчлэлээ сэргээж эргэж намдаа нэгдэнэ гэх юм?

-Тиймээ. Өөрийн гэсэн бодол­той, ухамсартай хүмүүс намд элсэхээр ирж байна. Гишүүнчлэлээ сэргээж байна. Манай нам бол зөв явж байна гэсэн байр суурьтай байгаа. Наашаа гэсэн элэгтэй наашаа гэсэн сэтгэл санаатай хүмүүстэйгээ нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байна. Ер нь цаашдаа МАХН-д олон хүмүүс орж ирнэ. Тэр бүү хэл аймгаараа ч манай намд элсэнэ.

Г.ХИШИГСҮРЭН

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж