Халгаатай “халаадтан”-ууд

Хуучирсан мэдээ: 2014.02.18-нд нийтлэгдсэн

Халгаатай “халаадтан”-ууд

Гэмтлийн эмнэлэг даргагүй, даргаар тавьсан хүн нь тэнцэхгүй, тэнцэх мэргэжлийн хүн биш гэхчилэн жил гаруй хугацаанд шуугив. Үнэндээ энд хэн нэгэн тухайн албан тушаалд тэнцэх, зөв менежментийн бодлого барьж, өвчтнүүдэд үзүүлж буй эмчилгээг сайжруулж, эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлж чадах эсэх тухай төдийлөн ярьсангүй. Гэхдээ энэ маргаан томоохон ашиг, сонирхлын шинжтэй. Эмч нар даргатайгаа, бүр сайдтай шууд халз тулаад эсэргүүцэл зарлаж, шаардлагатай бол өвчтнүүдийнхээ эрүүл мэнд, амь насыг золигт гаргахад ч бэлэн болж улайрсан. Энэ нь ч тэдэнд хэд хэдэн ашиг унагах боломжийг бүрдүүлсэн. Яагаад тэд ингэж улайраад байна вэ?

Ямартай ч тэд богино хугацаанд өөрсдийгөө зөв, сайд, дарга нарын буруу гэж харуулж дөнгөсөн. Тиймдээ ч өчигдөр ГССҮТ-ийн даргыг дахин сонгон шалгаруулж, Адъяагийн Мөнхтайван шинэ даргын албанд тэнцжээ.
 
Эмч нарын тэмцэл ямартай ч Ц.Энхбаярыг зайлуулж чадлаа. Ажиглаад харвал, тэд нөхцөлөө сайжруулж, цалингаа нэмэгдүүлэхээр эсвэл эрүүл тогтолцоогоо аврахаар эсэргүүцлээ эхлүүлсэн гэвэл холоо хэвтэнэ.  Харин ч хууль бусаар томилсон, их хурлын даргын хүн гээд байгаа Ц.Энхбаяр гэмтлийн эмч, дарга нарыг хууль бусаар мөнгө олдог, бизнесийн сүлжээг нь олонд илчилж, шударга хүн болох гээд яарсандаа өөрөө өвдөг шороодлоо. Амь амьдралынх нь салшгүй хэсэг болчихсон бизнес нь хууль бус ч гэлээ түүнээс нь салгах гэхээр ашиг сонирхлоо нэгтгээд ч болтугай үзэж тарах нь гарцаагүй. Үнэний төлөө чөтгөртэй нэгдсэн ч бэлэн байна гэдэг тэмцэгч нарын зулгуй үг тэдэнд яг тохирно. Тиймээс дээрээ том хамгаалалттай ч гэсэн хамт олны хувьд бол даргаа ганцаардуулж дөнгөнө. Тиймээс нийлээд үзэлцэхэд ганцаардуулж чадна. Толгойлогч нарыг нь халлаа гэхэд “өөрийн хамаатан, саднаа ажилд авахын тулд мэргэжлийн эмч нарыг зайлуулж байна” гэж тэмцэгчийн дүрд тохирсон үг бэлэн байгаа. Үүнийг ч хэлсэн, хэвлэлийнхэн ч шүүрч аваад шүршиж гарсан. “Өнгөрсөн оны аравдугаар сарын 18-ны баасан гаригийн орой гэхэд л Гамшиг, осол гэмтэл, мэс заслын амь тэнссэн үеийн эмчилгээний асуудлыг шууд удирдан, мэргэжлийн шийдвэр гаргадаг Эмчилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалд хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс халагдсан хүүхдийн эмч Т.Нарантуяаг томиллоо. Мэргэжлийн бус хүн мэргэжлийн бус шийдвэрээ гаргаж эхэллээ!” гээд л эмч нар мэдэгдэл хийгээд эхэлснийг санаж л байгаа.

Энэ хууль бус томилгоо нь тус төвийн хамт олны 50 жил хамтран бүтээсэн баялаг, туршлага, оюуны сан хөмрөгийг устгах, байгууллагын хөгжлийг зогсонги байдалд оруулах, эмчилгээ, үйлчилгээ, дотоод үйл ажиллагаанд ноцтой зөрчил үүсгэх, эмч, ажилчдын дунд, айдас, стресс үүсгэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний оюуны чадамжийг улам бүр сулруулах,  өвчтөн үйлчлүүлэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчих үндсэн шалтгаан болж байна ирээд л сүртэй нь аргагүй мэдэгдлийг хийгээд амжив.

Ийм сүржин мэдэгдэл хийсэн нөхдүүд өдөрт 200-260 хүн үйлчлүүлж, 15-20 хүн  яаралтай хагалгаанд ордог гэдгийг мэдсээр байж шинэ даргаа эсэргүүцэн эмч, сувилагч нараас бүрдсэн 180 гаруй хүн ажлаас халагдах өргөдлөө өгсөн нь бүр алмайруулж орхисон. Энэ бол тэдэнд өвчтний амь наснаас илүү дарга нь хэн байх вэ гэдэг чухал гэдгийг гэрчлээд өгөх хангалттай баримт.

Яагаад гэвэл эмнэлгийн 90 гаруй үйлчилгээний төлбөрийг ямар ч зохицуулалтгүйгээр үйлчлэгчдаас авч байсныг нь Ц.Энхбаяр тогтоолгочихсон. Тавин жилийн түүхтэй эмнэлэгт энэ хугацаанд ийм л идээ бээр бугласан байж. АТГ ч үүнийг шалгаж байгаа. Ер нь гэмтэж, бэртээд очсон хүмүүс танил талгүй бол энэ эмнэлгийнхэн хүний зовлонгоор хэрхэн бизнес хийж, зоосны нүхээр бүгдийг хардаг вэ гэдгийг тодоос тод мэднэ.

Эм, тарианаас эхлээд танилынхаа аптек руу явуулж, хувь авдаг эмнэлгийнхээ ЭХО, томограф, өөр юу ч байдаг юм түүгээр нь харуулж хувь авдаг, мөнгөгүй бол үхлүүт байсан ч хүлээлгээд хойшуулдаг тийм хүний үнэргүй явдал тэнд болдог. Бүхнийг төлбөртэй болгож зүсэгдсэн гарыг оёхдоо косметик оёо гэж хэлээд хамгийн нарийхан утсаар нь оёод өгье гэж мушилзахыг харж л явлаа. Үнэндээ бүдүүн нарийн утсандаа биш хэрхэн нарийн хатгасандаа бүх учир нь байдаг гэдгийг хожмоо дүүргийн настай сувилагчаас сонсч  ч үзлээ. Ийм л бодитой эдийн засгийн ашиг сонирхол ганц гэмтлийн эмнэлэг гэлтгүй эрүүл мэндийн салбарт бугшчихсан учраас тэмцэгчдийн дүрд цагаан нөмрөгтнүүд тоглож байна. 

Нөгөө талд нь улстөрчид өөрсдийн хүнээ энэ суудалд тавихаар үхэн хатан хууль зөрчөөд байгаа нь цаанаа ашигтайг л харуулаад байгаа хэрэг.

Харин энэ хоёр ашиг сонирхол нийцэж байж хэн хэндээ гомдолгүй, хэл амгүй намжина. Тиймээс шинэ дарга нь сайн, муу хүн байх нь ГССҮТ-ийн эмч, сувилагч нарт хамаагүй. Харин тэднийг хууль бусаар олдог хураамжийг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг л чухал. Тиймээс ч шинэ даргыгаа хүлээн зөвшөөрөх эсэх нь даргын өөрийнх нь хийх үйлдлээс шалтгаална. Харж л байгаарай. Уг нь Ц.Энхбаяр чимээгүйхэн АТГ-т шалгуулчихсан бол аяндаа бүхний учир тайлагдах байсан юм. Хагалгаанд орох өвчтнүүд тогтсон ханшаар нь эмч, сувилагч нартаа өгдгийг нь өгөхгүй бол хагалгааны дараа хатуурхаж, гэрт нь очоод хэвтчихсэн юм шиг гадуурхдаг нь үнэн шүү дээ. Хагалгаа хийлгүүлсэн хүн бүхэн үүнийг мэддэг болсон. Гэсэн эцсийн эцэст эрүүл мэндээ бодоод халаасаа чимээгүйхэн тэмтэрдэг нь бас ч гарцаагүй бодит зүйл.

Энэ бүхэн тэгээд ариун явдал бол гэдсээ хагалуулахаар гэмтлийн эмч нарт очихгүй байгаасай л гэж залбирахаас өөр аргагүй.

Л.НАРАНТӨГС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж