
Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газрын 1000 айлын орон сууц баригдах дэд бүтцийн асуудал хэрхэн шийдэгдсэн болон газар төлөвлөлтөө хэрхэн шийдэж байгааг сонирхсон юм. Булган бусад аймгуудаас царцаасан барилгын тоогоороо харьцангуй бага, тус аймагт дөрвөн барилга обьектийг царцаажээ.
Тоо нь бага ч энэ аймгийн барилгууд ихээхэн асуудалтай байсан гэж хэлж болно. Тодруулбал, Сэлэнгэ мөрөн дээр баригдах 2.6 тэрбумын хөрөнгө оруулалттай явган хүний гүүр хамгийн их шүүмжлэл дагуулсан юм. Голын цаана байгаа хоёр багийн иргэд сум руугаа ирж үйлчилгээ авах боломж хомс, хүмүүс усанд үйх нь их байгаа учраас ийм өндөр өртөг бүхий явган хүний гүүр барихаар төсөвлөжээ.
Мэдээж энэ нь бүлгийн даргаас нэлээд шүүмжлэл сонссон бөгөөд нэг тэрбум төгрөг нэмээд машин гарах гүүр болгох боломж байгаагүй юм уу гэдгийг онцолж байсан. Мөн дараагийн асуудал дагуулсан барилга нь 640 хүүхдийн суудалтай сургууль, спортын заал. Анхлан тендер авахдаа буюу зураг төслийг нь боловсруулсан компани 520 хүүхдийн гэж оруулсан ч Хөвсгөл аймгийн “Зост трейд” ХХК авахдаа 640 хүүхдийн суудалтай болгон өөрчилж түүнийхээ дараа төсвөөс 120 хүүхдийн өргөтгөл нэмсэн мөнгөө нэхээд “хэвтчихсэн” байгаа юм.
Өөрөөр хэлбэл, гүйцэтгэл нь дөнгөж 30 хувь атлаа 2014 оны төсөвт 381 сая төгрөг нэхэж байгаа аж. Өмнөх аймгуудын жишгийн дагуу хариуцах эзэн байхгүй, яагаад өргөтгөл нэмж, тендерийг нь өөрчилсөн асуултад хариулах хүн байхгүй байсан бөгөөд “яам мэднэ” гэх хариултыг өгч байлаа.
Гуравдахь барилга нь Булган аймгийн нутгийн удирдлагын ордон. Мөн л 2-3 жил болсон атлаа төсвөөс жил бүхэн мөнгө нэхэж байгаа энэ барилга өртөг өндөртэй, хамгийн удаан баригдсан учраас музейд тавихад ч буруудахгүй хэмээн Д.Эрдэнэбат дарга шүүмжиллээ.
2012 оны есдүгээр сараас барилга угсралтын гэрээ хийгдэж ажлаа эхэлсэн ч өнөө хүртэл дуусаагүй 150 хүүхдийн цэцэрлэг дээврийн арматурчлал нь ажлын зургаас зөрсөн, гадаа агаарын хэм таван хэмээс хэтэрсэн гэсэн шалтгаанаар барилга угсралтын ажил нь түр зогссон ч өөр асуудалгүй байв.
Тэг санхүүжилттэй эдгээр дөрвөн барилга нэмж хөрөнгө шаардаагүй ч тендерийн будлиан, хөрөнгө мөнгөө буруу төсөвлөсөн, төлөвлөгөө анхнаасаа буруу хийгдсэн зэрэг учир дутагдалтай байсан юм.
Эдгээр дөрвөн барилга удаашрах болсон шалтгааныг булганчууд тайлбарлахдаа захиалагчийн зүгээс тендер оройтуулж зарладаг, төсвийг он дамнуулж төлөвлөдөг, ажлын гүйцэтгэлийг хугацаанд нь бүрэн олгодоггүй мөн гүйцэтгэгч талууд тендерийг өгөгдлөөр ажлын хүч гаргадаггүй, техник тоног төхөөрөмжийн хангалт муутай, нэг зэрэг олон ажил авч хүч тарамддаг, инженер техникийн албаны мэдлэг сул, материалын гэрээ хэлцэл бүрэн хийдэггүй, өөрийн хөрөнгө багатай зэрэг шалтгаанаас үүдэлтэй хэмээн тодорхойллоо.
Үүнээс гадна он дамжин хэрэгжиж буй барилга байгууламжууд энэ аймагт олон байлаа. Ихэвчлэн сургууль цэцэрлэгийн барилга байгаа бөгөөд энэ дундаас Хөвсгөл аймгийн “Төмөр хүлэг” гэх компани Булган аймгийн Тэшиг, Хялганат, Баян-Агт, Гурванбулаг гэсэн дөрвөн суманд нэг зэрэг тендер авч сургууль барьж эхэлсэн ч ажлаа дутуу орхиод алга болсон аж. Тэд нэг зэрэг олон ажил авсан учраас хүчээ тарамдуулж, ажлаа дийлэхгүй байгаа гэв.
Мөн ирэх сарын эхээр уулзаж, чадах бол хурдан дуусга, чадахгүй бол ажлаа хүлээлгэн өгч орон нутгийг хохиролгүй болго гэх хүсэлт тавина гэдгээ тус аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат онцолж байлаа. Түүнчлэн Булган аймгийг гэмт хэргээс хамгаалах зорилго бүхий бүх цэгүүдэд теле камер байрлуулах, орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр буюу нэг тэрбум төгрөгөөр цагаан суварга гэх байгууламж барьж байгаа нь бүлгийн даргаас ихээхэн шүүмжлэл хүлээлээ.
Монголд хамгийн өндөр үнээр баригдаж байгаа энэхүү суварга орон нутагт ямар хэрэгтэй байгааг асууж, энэ мэтээр хэрэггүй шахам төсөлд мөнгө үрэх бус сургууль цэцэрлэг зэрэг нэн тулгамдсан ажилд хөрөнгө мөнгөө зарцуулж байх хэрэгтэй гэв.
Аймаг болгонд тулгамдаж байгаа Дулааны цахилгаан станцын ажил ч энэ аймгийн толгойны өвчин болсон. Энэ хавраас эхлэх барилга байгууламжууд ашиглалтад ороход мөн л дулаан, цахилгааны асуудал босч ирнэ. Тиймээс Д.Эрдэнэбат даргатай уулзахаар ирсэн булганчууд станцын асуудлыг төр засаг нэн тэргүүнд шийдэж өгөхийг хүсч байсан юм.
Иргэдийн хувьд орон нутгийнхаа удирдлагуудад шүүмжлэлтэй хандахыг урьтал болгоогүй бөгөөд байгаа боломжоо ашиглан илүү их хөгжил рүү явах, бахархал, давуу талаа түлхүү олж харах хэрэгтэйг сануулж байсан.
Тухайлбал, хамгийн анхны гурилын үйлдвэр энэ аймагт баригдсан, одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар байхад өнөөдрийг хүртэл булганчууд “Алтан тариа” компанийн гурилыг шүтэж, өөрийнхөө гурилын үйлдвэрийн гурилыг бараг л мэдэхгүй байгаа юм.
Гэхдээ Булганд олон давуу тал байгаа. Цагдаагийн албан хаагчид нь өөрсдөө мөнгөө гаргаж барилга барьсан, метр квадратыг нь 800 орчим мянган төгрөгөөр тооцсон нь бусад орон нутагт үлгэр жишээ болохуйц байсан гээд давуу талаа ашиглаж хөгжих боломж нээлттэй байлаа.
12, 24 айлын орон сууцыг олноор барих, дэд бүтцийг нь бүрэн шийдэх гэх мэтээр аль болж бүтэхээс нь ажлаа эхлүүлж, булган нутаг бүх зүйлээрээ анхдагч гэдгийг харуулахыг Д.Эрдэнэбат дарга аймаг орон нутгийн удирдлага болон иргэдэд захиж, энэ бүхнийг төрийн зүгээс дэмжиж ажиллахад өөрийн чадах хэмжээгээр туслан, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. АН-ын бүлгийн даргын томилолт дуусаагүй бөгөөд үргэлжлүүлэн Орхон, Зүүнхараа сумдад ажиллах юм. Энэ талаар дараагийн дугаартаа үргэлжлүүлэн хүргэх болно.