МАН гишүүдээ хамгаална гэв

Хуучирсан мэдээ: 2014.02.18-нд нийтлэгдсэн

МАН гишүүдээ хамгаална гэв

“Иргэний эрх нь зөрчигдөж, хэлмэгдсэн гишүүдээ хамгаалах санаачилга” сэдэвт уулзалт Тусгаар тогтнолын ордны Бага танхимд боллоо. Үзэл бодол, намаар ялгаварлан иргэдийн эрх ашгийг хөндөх явдал их байгааг уулзалтад оролцсон төлөөлөгчид онцолж байна. Тиймээс МАН-ын зүгээс эдгээр иргэн, гишүүд дэмжигчдээ хамгаалж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Хэвлэлийн хурлыг зохион байгуулагчдын зүгээс “Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдлийн багцын хууль бус зарцуулалтын асуудлыг сөхөж, эрүү үүсгэн шалгагдаж байгаа  иргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал” гэсэн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэдний зүгээс “Монгол Улсын иргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 2013 оны төсвийн багцад тусгагдсан 50 тэрбум төгрөгийн зарцуулалтыг шаардсан баримт дэлгээд байсан юм. Тэд энэ асуудалтай холбогдсон зарим эх нотлох баримтыг Төсвийн хууль тогтоомж, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр холбогдох хууль хяналтын байгууллагаар магадлан шалгуулахаар хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийг нь гүтгэсэн, нэр хүндэд нь халдсан гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гарган Эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Иймд хүнийг итгэл үнэмшил, үзэл бодлынх нь төлөө алагчлан ялгаварлах, хэлмэгдүүлэхгүй байх нь эрх зүйт төр, ардчилсан нийгмийн уг мөн чанар байдаг бөгөөд сүүлийн үед эрх баригчид ардчилсан коммунист нийгэм рүү шилжиж буй мэт үйлдэл, үг авирыг олонтаа гаргаж байгаа талаар хөндөж, цаашид энэ чиглэлээр хэлмэгдсэн, эрх нь хөндөгдсөн иргэдийг хамаалах зохион байгуулалттай хөдөлгөөн, санаачлагыг өрнүүлэх талаар ярилцсан” гэсэн юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж