Нэг нь ч болтугай дуугарч байя

Хуучирсан мэдээ: 2014.02.18-нд нийтлэгдсэн

Нэг нь ч болтугай дуугарч байя

Ямар ч хүчгүй, арчаагүй нэгэн мэт мэдрэмж охиныг маань гэдсэнд байхаас л мэдэрч эхэлсэн. Одоо ч мэдэрдэг.

Анх л кесар хагалгаагаар төрөх болоход, хэвтүүлэх оргүй гэх шалтгаар 14 хоног илүү тээж, эцэст нь арай чүү нэг юм хэвтэж, хүүхдээ төрүүлсэн. Өглөө болгон 08 цагт ирүүлчихээд 11 цагт “өнөөдөр болохгүй нь” гэж буцаадаг эмч нарын өмнө би ямар ч хүчгүй, сул дорой. Төрчихөөд хөхөнд сүү орохгүй, охин минь уйлж байхад “яах ёстойгоо” асуусны төлөө нярайн эмчээр “арчаагүй, амар хялбар арга хайсан” гэж загнуулж байхдаа, мөн л тэр төрөх эмнэлэгт охиноо тэврэн, түнхний эход харуулах гэж хагалгааны оёоны өвдөлтөө тэсвэрлэн 30 мин хүлээсний эцэст “цайндаа орлоо” гэж гарсан эмчээс одоо үзээд өгөхийг гуйгаад бас л загнуулж байхдаа сул дорой нэгэн байв.

Хүүхэд харьцангүй том боллоо, цэцэрлэгт өглөө, багшийн асаргаа дутсанаас үүсэх асуудлууд өчнөөн гарна. Гэтэл яг чин шударгаар хэлээд, маргах боломжгүй. Маргааш нь, нөгөөдөр нь тэд миний хүүхэдтэй яаж харьцахыг би мэдэхгүй. Яах ч аргагүй аргадаж, эвийг нь олох гэсэн байдалтай, эвтэйхнээр хэлэхийг хичээнэ. Гэтэл би гэдэг хүн өөрөөрөө иймэрхүү харилцаанд эв, дүйтэй хүн биш. Уул нь төлбөрийг нь төлсөн учир тэд үүргээ биелүүлэх ёстой. Даанч энийгээ тултал нь ухамсарладаг, бас хүүхдэд өөриймсүү сэтгэлээр ханддаг хүн цөөхөн.

Ханиад хүрэхэд нь үзэж, эмчилгээ бичиж өгсөн эмчид долоо хоногийн дараа давтан үзүүлэхэд өөдөөс “өмнө нь хэн үзсэн юм, яагаад энэ эмийг бичиж өгөөгүй юм” гэж асуух жишээтэй.

Намайг хүн биш, ер нь хэн ч биш юм шиг хандаж буй олон хүмүүсийн өөдөөс жирийн үедсэн бол маргах л байсан. Гэтэл энэ бүхний эцэст миний хүүхэд л хохирно гэдгийг баттай мэдэж байгаа болохоор эмч нарын, багш нарын өөдөөс яаж ч чадаагүй. Золиосонд эд зүйл байгаа бол өөр хэрэг, тэд эвдэлбэл эвдэлж, авбал аваг, дараа нь хэдэн шатны шүүх ч дамжиж заргалдаж чадна. Даанч хүүхэд минь тул яаж ч чадахгүй.

Үл үзэгдэгч болгодог, өөрийгөө үнэлэх мэдрэмж рүү минь санаатай, санаагүйгээр халдаж байдаг энэ тогтолцоонд үнэхээр гутардаг. Хуульч хирнээ бас хувь хүнийхээ хувьд шударга бус зүйлд дургүй зантай мөртлөө эд нарын өмнө л хүчгүй болчихоод байдаг өөртөө дургүй хүрдэг.

Өрөвдүүлэх гэж энийг бичсэнгүй. Бараг хүн бүр, залуу эцэг эх бүр л тулгардаг хирнээ чимээгүй л лайгаа үүрээд явдаг. Гэтэл энэ чинь бидний заавал ч үүрэх зүйл биш шүү дээ. Нэг нь ч болтугай дуугарч байя л гэж бодох юм.

Ч.УЯНГА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж