-Хувийн цуглуулгаараа уран зургийн галерей нээсэнд тань баяр хүргэе?
-2008 онд цуглуулгаараа Дүрслэх урлагийн музейд анхны үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Үүнээс хойш гаргаагүй байж байгаад “Q” нэртэй галерей нээлээ. Энэ бол ганц миний галерей биш. Өөрөөр хэлбэл, миний цуглуулсан бүтээлүүд л тэнд залрах бус, монгол зураачдын бүтээлүүдийг байнга дэлгэнэ. Үүгээрээ Монголын үе үеийн шилдэг зураачдын бүтээлийн өв сан бүрдүүлэх зорилготой. Нөгөө талаас ганц зураач гэлтгүй хөөрөг, марк цуглуулагчид, гэрэл зурагчид гэхчлэн монгол соёл урлаг, уламжлалыг тээж яваа хүмүүсийн бүтээлээр үзэсгэлэн гаргах боломжтой. Манайд олон шилдэг зураач бий. Нэг үеэ бодвол Монголд галерей, музей цөөнгүй байгуулж байна. Гэхдээ манай ихэнх зураач бүтээлүүдээ дэлхийн гавцанд гаргаж чаддаггүй. Энэ нь Монголд урлагийн менежмент хөгжөөгүйтэй холбоотой. Тэгэхээр галерейгаараа дамжуулан Монголын зураачдын бүтээлийг олон улсын тавцанд гаргах бололцоо бий болгоё гэсэн юм. Мөн Монголын урлагийн талаар цуврал, цомог гаргаа. Манай До.Болд, Ш.Чимэддорж, Ц.Нарангэрэл, Ц.Энхжаргал нарын шилдэгүүдээс гадна бурхны оронд очсон ч гэлээ амьд бүтээлтэй Р.Дүннхэржав, Ё.Өлзийхутаг нарын уран зургууд олны хүртээл бо;гж чадахгүй, цөөн хэдэн цуглуулагчийн гэрт хадгалагдаж байдаг.
-Та хэдийнээс уран зураг цуглуулах болов?
-Бараг сүүлийн 10 жил цуглуулж байгаа.
-Цуглуулгад тань нийт хэдэн бүтээл байна вэ?
-Гаггерейдаа 80 орчим бүтээл дээжлэн дэлгэсэн. Ер нь нийт 800 орчим бүтээл бий. Цуглуулгаа цуврал байдлаар бүгдийг нь галерейдаа тавих болно.
-Ямар нэг зүйлд хорхойсож цуглуулдаг хүн хаанаас, хэрхэн яаж цуглуулгаа баяжуулахаа мэддэг. Та хувьд хаанаас уран зураг хайдаг вэ?
-Амралтын өдөр зураачдын урлангаар зочлох дуртай. Томоохон уран бүтээлчдийн гэр бүлийнхэнтэй байнга харилцаатай байдаг. Өнөөдөр өөрөө үгүй болсон Д.Амгалан, СДондог, О.Цэвэгжав, Р.Дүйнхэржавын гэр бүлийнхэнтэй харилцаатай байдаг. Тэд надад итгэж, зарим зураг, бүтээлийг нь өгдөг. Үүнийг би “Надад зарсан. Би худалдаж авсан” гэж хэлэх дургүй. Надад итгэж хадгалуулж байгаа гэж л ойлгодог. Энэ бол наймаа биш. Манай сор болсон олон бүтээлийг гадагш гаргасан. БНСУ руу олон зураг гаргасны нэлээдийг нь Ц.Энхтүвшин буцааж авчирсан. Тийм учраас цуглуулагчдыг би соёлын өв тээж, хамгаалж яваа хүмүүс гэж болдог. Сор болсон бүтээлүүд эх орондоо үлдэх учиртай. Ер нь цуглуулгаа баяжуулахын тулд олон чиглэлээр ажилладаг. Зураач нартай ойрхон байж, тэднийг дэмждэг.
-Таны хувьд хил давсан бүтээлүүдээс хөөцөлдөж байж, магадгүй үнэ цохиж авчирсан тохиолдол байгаа юу?
-Н.Цүлтэм гуайн "Говийн их нүүдэл" зургийг Солонгосоос олж ирсэн. Цаашид Солонгос, Америкаас авчрахаар төлөвлөсон хэдэн зураг байгаа.
-Таныг бас Монголын дүрслэх урлагийн талаар ном бичиж байгаа гэж сонссон?
-Америкийн хэвлэлийн компанитай хамтарч “Монголын дүрслэх урлагийн түүх" ном бичиж байгаа. Энэхүү номоор дамжуулан Монголын нутаг дээр байгаа соёлын түүх дурсгал болох хадны зургаас авахуулаад Монголын эзэнт гүрний үед монголчууд тухайн үеийн улс, орнуудын соёл урлагт ямар нөлөө үзүүлснийг үзүүлэх юм. Ил хаадын үед Персийн урлагт монголчууд ямар нөлөө үзүүлснийг харуулна.
Ер нь монголчуудын түүхийг дайн байлдааны талаас нь илүүтэй ойлгодог шүү дээ. Юан гүрний үед дүрслэх урлаг, соёлыг хэрхэн хөгжүүлж байсан талаар олон чухал баримт Тайваний музейд байдаг. Тайвань, Турк, Лондон, Нью-Иоркийн музей болон Берлиний улсын номын санд хадгалагдаж буй, монголчуудын хүртээл болж байгаагүй зургуудын талаар номондоо оруулж байгаа. Ер нь цаашид аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэвэл соёл уламжлалаа л тордох ёстой.
Сайхан музейнүүдтэй болох хэрэгтэй.
Үлэг гурвэлийн музей байгуулж байгаатай адил Хүннүгийн үеийн эд өлгийн зүйлсийг толилуулах музейтэй болж яагаад болохгүй гэж.
Леонарда да Винчи, Лувр, Эрмитаж, Амстердам дахь Ван Гогийн хувийн музейг үзэх гэж хэдэн зуун сая жуулчин дугаарладаг. Үүнтэй адилаар Монгол нутагг бий болж, өнөөдрийг хүртэл хадгалж ирсэн эд зүйлээрээ музей босговол аялал жуулчлалыг хөгжүүлэх асар их боломж бий.
-Та зурдаг уу. Бийр бэх нийлүүлэх авьяас байна уу?
-Би зурдаггүй. Ленинградын их суртуульд сурч байхдаа Рениний академид сурч байсан манай томоохон зураачид болох До.Болд, Л.Ганболд нартай дотно нөхөрлөсөн. Магадгүй энэ нь уран зураг сонирхоход нөлөөлсөн байх. Нэг талаас сэтгүүлч мэргэжил "минь намайг уран зурагтай ойртуулсан байх.
Монголд уран зураг цуглуулдаг олон хүн бий. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр, Эдийн засгийн хөгжлййн сайд Н.Батбаяр, “Эм Си Эс” группийн ерөнхийлөгч Ж.Од нарын том цуглуулагч олон байгаа.
-“Уран зураг бол харах яруу найраг” гэдэг. Үүнийг уншина гэдэг энгийн ойлголт биш нь ойлгомжтой. Таны яруу найргийн номыг би олж үзсэн.
-Тэр яах вэ, оюутан байхдаа “Хөх зулын бичиглэл’’ нэртэй жижигхэн товхимол гаргасан юм. Харин оюутан байхдаа орчуулга их хийдэг байсан. Орос, Европын сонгодог яруу найрагчдын шүлгийг орчуулж байсан. Тэдгээрийг эмхэтгэж ном болгох санаатай байгаа. Мэдээж өөрийгөө энэ цагийн мундаг зохиолч, орчуулагч нартай яаж зүйрлэх вэ. Залуудаа орчуулсан хэдэн шүлгээ эмхэтгэвэл зүгээр юм уу гэж бодсон юм.
-Та нутаг ус, аав ээжийнхээ талаар дурсана уу?
-Миний аав Хөвсгөл аймгийн Их-Уул сумын хүн. Би ч мөн энэ сумаар овоглодог. Бид эхээс олуул. 11 хүүхэдтэй айлын 10 дахь нь. Манай аав эхээс 16-уул. Аав минь тээврийн жолооч байлаа. Тэр үеийн жолооч нар хүн тээврийг ч “даадаг” байсан шүү дээ. Ээж маань сувилагч байсан.
-Ленинградад сэтгүүлчээр сурч байсан үеийнхээ сайхан дурсамжаас хуваалцаач?
-1989 онд Ардчилсан холбооны анхдугаар Их Хуралд Орост сурч байсан оюутнуудаа төлөөлөн оролцож, үг хэлж байлаа. Гэрийнхэндээ мэдэгдэлгүй ирчихээд яваад өгсөн. Энэ тухай аав минь радиогоор сонсож мэдсэн гэсэн. Аав тухайн үеийн нийгмийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн байсных тэр үү, зэмлээгүй. Харин Эрдэнэтэд байсан ах маань бараг л гэр бүлээс эсэргүү төрлөө гэж санаа зовж байсан юм.
-Сэтгүүлч мэргэжлээ үе үе санагалзана биз?
-Би азтай хүн. Сургуулиа төгсөж ирээд, Г.Аким гуайтай хамт дөрөв, таван жил шадар туслах маягтай ажилласан. Бичсэнээ Г.Аким, Дарамын Батбаяр, ЛХүрэлбаатар нарын мундгуудад үзүүлдэг байлаа. 1992-1995 онд МонЦаМэ агентлаг, “Ил товчоо” сонинд хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажилласан. “Ил товчоо” сонины редакци бол тухайн үедээ сэхээтнүүдийн байнга орж, гардар газар байсан.
Сэнгийн Эрдэнэ, Очирбатын Дашбалбар гээд л мундгууд манай сонинд ирж, хууч хөөрдөг байсан. Миний хувьд энэ бол өндөр хувь тавилан. Тухайн үед би тэдэнд унших номыг нь Оросоос зөөдөг байсан юм. Өөрчлөлт, шинэчлэлтийн жилүүд байсан учраас ховор номнууд авчирч өгдөг байлаа. Манай сонин эрэн сурвалжлах сэтгүүл зүйг Монголд анх нэвтрүүлэх гэж оролдсон.
Энэ утгаагаар цагдаа, тагнуулд дуудагдаж байсан үе ч бий.
Намайг хариуцлагатай нарийн бичгийн дарга болох үед манай сонин 17 мянган хувь. хэвлэгддэг байсан. 25 мянган хувь хэвлэгдсэн тохиолдол ч бий. “Нобелийн шагналтнуудын лекц” гэдэг номыг “Нэпко” компанитай хамтран орчуулж гаргасан. Энэ номд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэгсэд шагналаа гардан авахдаа юу гэж хэлснийг багтаасан юм. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогттой хамтарч “Хөгжлийн гарц” клуб байгуулан, тэргүүлэгч орны хөгжлийн нууцыг өгүүлсэн ном гаргаж байгаа. Мэргэжлээ санагалздагийн нэг илрэл нь энэ юм болов уу.
-Ингэхэд та яагаад мэргэжлээрээ ажиллаагүй юм бэ?
-1994 онд “Freedom forum” сангийн шугамаар эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр АНУ-д найман сар сурах боломж олдсон юм. Америкчууд шиг амьдрах ёстой юм байна, эхлээд амьдралаа төвхнүүлж, бизнес хийх хэрэгтэй гэдгийг тэндээс л ойлгосон. Хүн бүр баян, чинээлэг амьдрах боломжтой, гагцхүү түүний тулд зорилготойгоор ажиллах ёстой гэсэн америк мөрөөдлийг олж харсан. Тус санг үндэслэгч, хэвлэлийн тэргүүлэгч компанийн захирал Ален Ньюхард гэдэг хүнтэй тав хоног галт тэргээр аялсан.
Тэрбээр сохор зоосгүй байсан ч тэр том хэвлэлийн компанийг бий болгож чадсан. Тэр хүн надад намтрын номоо дурсгасныг нь би амтархан уншсан Америкаас ирээд сонин бол том бизнес, өдөр тутмын, долоо хоногийн, амралтын сонин, сэтгүүл гаргая, хэвлэх үйлдвэртэй болох ёстой юм байна гэж Г.Аким гуайтай ярилцаж байсанаа тодхон санаж байна. Ингээд 1995 оноос бизнест орж, “Эм Си Эс” компанийг үүсгэн байгуулсан.
“Юнител”, “Эм Си Эс электроникс”, “IT Zone” “Эм Си Эс ком”, “Юнивишн” компаниудыг үүсгэн байгуулж, Захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Ингэж мэдээллийн технологийн чиглэлээр ажиллах үндсэн мэргэжлээс минь тийм ч хол биш гэж ойлгодог шүү.
-Бизнест анх хөл тавьж байсан үе тань сонирхолтой санагдаж байна?
-Сонин бол бизнесийн анхны гараа байсан. “Инфопрэсс” гэж компани байгуулж, 1995 онд “Эм Си Эс” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалтай анх уулзсан. Ингээд хамтарч, “Интерпрэсс”-ийг байгуулсан. Тухайн үедээ 30 мянган ам.доллараар эхэлж байсан. Таван сарын дараа нийт хөрөнгө оруулалтаа нөхсөн. Ингээд зөвхөн хэвлэлийн бизнес гэлгүй мэдээллийн технологийн чиглэлээр ажилласан.
Мэдээж сайн нөхөдтэй учирсан болохоор бизнес маань амжилттай урагшилсан. Хувь заяаны тохиол гэх үү, ингэж бизнест хөл тавьсан. Миний амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол сэтгүүлч Г.Аким, Гүрдава Рэнбүчи”, “Эм Си Эс” компанийг үүсгэн байгуулагч Ж.Од, Ж.Оджаргал нар.
-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манайх хүү, охин хоёртой. Эхнэр маань хуульч мэргэжилтэй. Охин дунд сургуулийн сурагч. Анх гэр бүл болоод Сансарт айлын хажуу өрөөнд тусдаа гарч байлаа. Том хүү маань 1993 онд төрсөн. Айлын хажуу өрөөнд аж төрж байхад төрсөн хүүхэд дээ. Хүүд маань яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ Хасбилэгт гэдэг нэр өгсөн.
-Ярилцлагын төгсгөлд таниас “Хөх сувд” төслийн талаар асууя.
-Хөвсгөл нуур бол зөвхөн хөвсгөлчүүдийн эрдэнэ биш. Монголын төдийгүй дэлхийн баялаг. Дэлхийн цэвэр усны нөөцийн хоёр хувь, Монголын цэвэр усны нөөцийн 98 хувийг бүрдүүлдэг. Хөвсгөл аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, “Балдорж” сан, “Өнөөдөр” сонин, “МН-25 дугаар суваг” телевиз, “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллага хамтран энэ төслийг хэрэгжүүлдэг. Хөвсгөл нуурын ёроолд 40 орчим тээврийн хэрэгсэл бий.
Энэ дотроо шатахуун тээвэрлэж явсан хоёр ч тээврийн хэрэгсэл байгаа юм. Эдгээрийг гаргаж, далай ээжээ цэвэрлэх зорилготой уг төслийн хүрээнд өнгөрсөн зун Японы эрдэмтдээр тээврийн хэрэгслүүдийн байршлыг нарийн тогтоолгосон. Одоо тэдгээрийг гаргах ажлыг хийж гүйцэтгэхээр Азийн хөгжлийн банкинд төсөл бичин хандаад байгаа. Азийн хөгжлийн банкны зүгээс Байгаль орчин, Ногоон хөгжлийн, Эдийн Засгийн хөгжлийн болон Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас дэмжсэн тохиолдолд төслийг санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Бид яамдад энэ дагуу хандаад байгаа. Төсөл батлагдвал энэ зун Хөвсгөл нуураас тээврийн хэрэгслүүдийг гаргаж эхэлнэ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин