
Царцаасан обьектийн жагсаалтад 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 2.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий Сэлэнгэ мөрний явган гүүр, нутгийн удирдлагын ордон зэрэг барилгууд оржээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат орон нутгийн удирдлагууд болон холбогдох байгууллагын төлөөллүүдийн хамт эдгээр барилгуудыг биечлэн үзэж, танилцсаны дараа булганчуудтай уулзаж, царцаасан объектуудыг цаашид хэрхэх талаар ярьсан байна.
Тэрээр 2.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий Сэлэнгэ мөрний явган гүүр, нутгийн удирдлагын ордны барилгын тухайд шүүмжлэлтэй хандаж байв. Харин тус аймагт баригдаж байгаа Дулааны цахилгаан станцын барилга болон Номын сангийн барилгыг ирэх онд дуусгахын төлөө хувийн хэвшлийн байгууллагууд төрийн байгууллагатай хамтран ажиллах нь зүйтэй, үүнийг дэмжиж ажиллахын төлөө байна гэдгээ гишүүн илэрхийллээ.
Булган аймгийн иргэд Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатад хандан асуулт асуухдаа аж ахуй эрхэлж байгаа иргэдийг татварын бодлогоор хэрхэн дэмжих болон өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар хангах өгөхийг хүсэж байв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.