Цахим ертөнцийнхэн, жиргээчдээр нам тайван талдаа нэгэн өдөр өнгөрлөө. Урьд өдрийн орой нь нэлээд хэдэн цаг интернэт, кабелийн телевиз, сүлжээний тасалдал гарсантай холбоотой сэдвээр хэсэг жиргэцгээв. “Юнивижн гуай, тасарч доголдсон юм чинь холливүүд боксоос ганц кино үнэгүй үзүүлчих хоншоор байна уу, Эрхэм хэрэглэгчдээ таны гэр бvлийн нандин харилцааг сэргээх vvднээс ТВ, интернэт vйлчилгээг хязгаарлалаа. Хvндэтгэсэн #Юнивишн гэчихээж :-)” гэх зэргээр үйлчилгээний компанийг хэсэг ёгөөдөв. Мөн “Монгол инженерийн бүтээсэн компьютер Японд 4200 ам.доллараар үнэлэгдээд байгаа” тухай, Сочигийн олимпийг дамжуулах эрхийг ганцаар авсан ТВ5 телевизийг харуулсан шог зургийн талаар онцлож байв. Гадаадын аливаа арга хэмжээг дамжуулах эрхийг хэт өндөр үнээр авахгүй шүү гэж албан бусаар тохиролцсон телевизүүд олимп дамжуулах эрхийн үнийг буулгах гэсэн ч ТВ5 ганцаар давхиж очоод авчихсан тухай яриа ч үүнтэй холбоотой байх.
Дараагийн нэгэн сэдэв нь “нөлөө бүхий хүн” гэж хэнийг хэлэх тухай яриа байв. МАХН-аас “Манай намд МАН-аас нөлөө бүхий гишүүд орж ирж байгаа” гэх мэдээллийг цацав. Хэвлэлийнхэн ч нөлөө бүхий хэн байна гэдгийг харахаар очсон нь тодорхой. Гэвч гишүүн элсүүлэх арга хэмжээнийх нь нөлөө бүхий хүмүүс гэдэг нь МАН-д нөлөөтэй байсан нь битгий хэл ажиллаж буй салбартаа ч нөлөөтэй байж чадахааргүй хүмүүс байж. Энэ талаар зарим жиргээчид онцолж байсан бөгөөд “Сэтгүүчдийг ч МАХН сайхан дөнгөх юмаа. Дандаа хүний нэр барина” МАХН ”бантлаа” гэж байсан бөгөөд энэ талаар бичсэн “МАН-ын дарга М.Энхболдыг эсэргүүцсэн МАН-ын нөлөө бүхий гишүүд МАХН-д элсэж, батлахаа сэргээнэ гэж байсан ч МАН-ын нөлөө бүхий гишүүд ирсэнгүй..” гишүүнчлэлийн арга хэмжээн дээр нь нүдэнд торох “нөлөөтэй” хүн харагдсангүй. Гишүүнээр элсч буй нэр дэвшигчдийг нөлөө бүхий харагдуулах цол гуншин нь “Чингис хааны академийн академич, МУГЖ, СТА, бэлтгэл хурандаа, хүний их эмч” гэх мэтээр л хязгаарлагдав. Нам улс төрд нөлөө бүхий хэн нэгэн байх болов уу гэсэн боловч байсангүй” гэх мэдээг бусадтайгаа хуваалцаж байлаа.
Гэвч үүний хариуд МАХН-ын улаан тэмцэгч О.Баасанхүү жиргээгээр хариу барьж “Сэтгүүлчид МАН-ын нөлөө бхий гишүүд гэж хэнийг хэлүүлэхийг хүсээд байгаа юм бол. Арай нөгөө төрөөс төрсөн тэрбумтангуудыг хэлээгүй биз” хэмээн бухимдаж харагдав. Ийнхүү нөлөө бүхий хүмүүс элсэнэ хэмээн цуурхал тараасандаа ороогдсон МАХН-ынхан сүүлд нь МУГТ С.Батцэцэг, чөлөөтийн шигшээ багын дөрвөн тамирчинд намынхаа батлахыг гардуулав. Гэвч энэхүү тусдаа зохион байгуулагдсан ажиллагаандаа цензур тавьж хоёрхон хэвлэлийн байгууллагыг оруулж бусдыг нь оруулсангүй. Намд элсэж буй тамирчид нь андуу эндүү зүйл хэлчихнэ гэж бодсон уу бүү мэд.
МАН-аас баахан хүн гарч МАХН руу ороод нэг нам нь сэргэн мандаж нөгөө нь доройтож явна гэдгийг харуулах гэсэн ажиллагаа зорилгодоо хүрэх бүр ч боломжгүй болж “олигтойхон амжилт гаргахаа бодохгүй нам улс төр гэж гүйлдэхээ болимоор юм энэ тамирчид” гэх утгатай шүүмж урслаа. Дахиад л шүүмжлэл гарах нь арга ч үгүй биз. Намаас, намын гишүүнчлэлээс залхсан, утга учиргүй улс төржилтөөс залхсан байтал юун гишүүнчлэл ч билээ.