Сэлэмчдийн тулаанд Б.Баттөмөр, Б.Гэрэлмаа нар түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

Сэлэмчдийн тулаанд Б.Баттөмөр, Б.Гэрэлмаа нар түрүүллээ

Монголын Туялзуур Сэлэмний Холбооны энэ оны анхны насанд хүрэгчдийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Тус тэмцээн хүнд сэлэмний төрлөөр зохиогдсон бөгөөд хоёр клубын эрэгтэй, эмэгтэй 30 гаруй тамирчин оролцсон юм. Тайж Группын нэрэмжит энэхүү тэмцээн нь зэрэглэлээрээ УАШТ, Лигийн тэмцээний дараа орохуйц том, Б зэрэглэлийн тэмцээн юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд 18 тамирчин өрсөлдөж, улсын хошой аварга, лигийн тэмцээний аварга, 2013 оны Монгол Улсын шилдэг сэлэмчин Б.Баттөмөр түрүүлж, Б.Батхүү, Э.Дөлгөөн нар удааллаа. Б.Баттөмөрийн хувьд хэсгийн тоглолтонд 2 хожигдсон ч хасагдах шатны тоглолтонд тун чамбай тулалдан ээлжит түрүүгээ авсан юм. Харин Э.Дөлгөөн хүнд сэлэмний төрөлд анх удаагаа шагналт байранд шалгарлаа. Тэрбээр 3-р байранд орох замдаа Э.Баярбат, Э.Нямлхагва, Б.Батхүлэг гээд олон шилдэг тамирчдыг буулган авчээ.

Эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг 2013 оны Улсын аварга Б.Гэрэлмаа хүртлээ. Тэр шигшээ тулаанд Б.Цолмонг 15-14-өөр хожсон юм. Харин 3 дугаар байрыг А.Халиунаа эзэлжээ.

Тус тэмцээний дараа Монголын Туялзуур Сэлэмний Холбооноос гаргадаг “Шелл” чансаа шинэчлэгдэн гарсан бөгөөд эрэгтэйчүүдийн төрөлд Б.Баттөмөр тэргүүлсэн хэвээр байна. Харин энэ удаагийн хамгийн их үсрэлтийг Тайж группын нэрэмжит тэмцээнд 3-р байр эзэлсэн Э.Дөлгөөн (12-р байрнаас 8), Б.Буяндэлгэр (шинээр орсон ч 20-р байр) нар хийжээ.

Б.ХОС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж