1988 оны Калгарийн олимпийн наадамд анх үзүүлэх төрлөөр оролцож байсан шорт-трек 1992 оноос албан ёсны төрөл болжээ. Хурдны гайхамшгийг үзүүлж, асар өрсөлдөөнтэй байдгаараа энэхүү төрөл үзэгчдийг өөрийн эрхгүй татдаг. Тэр ч утгаараа Сочигийн өвлийн наадмын шорт-трекийн төрөл үзэгч ихтэй спортын нэгд зүй ёсоор багтаж байна.
Энэхүү төрлийн олимпийн наадмаас БНСУ 19, БНХАУ, Канад улсууд найм, АНУ дөрвөн алтан медаль хүртсэн амжилтаараа тэргүүлж буй. Харин “Сочи-2014”-т ОХУ баг тамирчид түүхэн амжилт үзүүлж эхэллээ. Зохион байгуулагч орны хувьд энэхүү төрөлд алт, мөнгө, хүрэл медалийг хүртээд байна. Тус улсын багт Солонгос гаралтай Виктор Ан багтсан нь уралдааныг улам сонирхолтой болгож, Оросуудын хүртэж чадаагүй медалийг авчирлаа. Түүний хувьд олимпийн наадмын дөрөв дэх алтан медалиа хүртээд байна.
"Турин-2006" олимпийн наадамд 21 настайдаа оролцохдоо гурван алт, нэг хүрэл медаль хүртэж байсан БНСУ-ын тамирчин Ан Хён Сү дахин дэлхийн нийтийн анхааралд өртлөө. Гэхдээ энэ удаа Оросын иргэншил болж, оролцсон нь шүүмжлэл, бахархалыг зэрэг төрүүлж байна.
“Сочи-2014”-н шорт-трект найман багц медалийн эзэд тодрохоос өнөөдрийн байдлаар дөрвөн багц медаль эзэддээ очоод байна. Эмэгтэйчүүдийн 500м, 1500м, эрэгтэйчүүдийн 1000м, 1500 м-ийн тэмцээнүүд болж, медальтнууд тодроод буй. Одоогоор эмэгтэйчүүдийн 1000 м, багийн буухиа 3000 м, эрэгтэйчүүдийн 500 м, багийн 5000 м уралдаан үлдээд байна. Тэмцээн эхлэхээс өмнө медаль хүртэх тамирчдын тоонд зүй ёсоор багтаж байсан Виктор Ан өдгөө дэлхийн нийтийн анхааралд бүрэн ороод буй. Тэрээр энэхүү наадмаас нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай байгаа бөгөөд 500 м болон буухиа 5000 м-ийн уралдаан түүнийг хүлээгээд байна.
Тэмцээний дөрөв дэх өдөр /02.10/ 1500 м-т хүрэл медаль хүртэж, ОХУ-ын олимпийн наадмын анхны медалийг авчирсан бол өнгөрөгч бямба гаригт мөн л түүхэн АЛТАН медалийн эзнээр тодорлоо. Эрэгтэйчүүдийн 1000 м-ийн шигшээ уралдаан бямба гаригт болж, Виктор Ан 1:24.102 минутын амжилтаар тэргүүлж, Владимир Григорьев /1:24.868/ мөнгөн медаль хүртсэн бол Голландын Шинкье Кнегт хүрэл медаль дээр буулаа. Олон мянган үзэгчийнхээ өмнө медалийн тавцанд зогсож чадсан тэд өнөөдөр үндэсний баатар болоод байна.
Дэлхийн 18, олимпийн гурван удаагийн аварга, БНСУ-ын нэрт тамирчин Ан Хён Сү наймын жилийн өмнө.
Хурдны гайхамшгийг үзүүлж, асар өрсөлдөөнтэй байдаг шорт-трекээр хичээллэсэн түүний хувьд олимп, дэлхий болон Азийн тоглолтоос аваагүй медаль үгүй. “Турин-2006”-д ганцаарчилсан төрлөөс гурван алтан медаль хүртсэн амжилт нь тус улсын нэг олимпоос гурван түрүү хүртсэн анхны тохиолдол байсан. “Турин-2006”-д оролцохдоо 21 настай байсан Ан Хён Сү олимпийн дараа жил “Милан-2007” ДАШТ-нээс дахин гурван алтан медаль хүртжээ.
Тэрээр 2008 онд /01.16/ бэлтгэлийн үеэр өвдгөндөө бэртэл авснаар мөсөн талбайгаасаа түр хөндийрсөн. Есөн сарын дараа талбай дээр эргэн ирсэн ч “Ванкурвер-2010”-ын үндэсний шигшээ багтаа багтаж чадаагүй. Энэ үед тус улсын үндэсний шигшээ баг залуу тамирчдаар бүрдэж, хүчирхэг байсан болохоор түүнд боломж олдсонгүй.
Ан Хён Сү дахин олимпийн наадамд оролцох хүсэлтэй байсан болохоор ОХУ-аас ирсэн саналыг хүлээн авч тус улсын нэр дээр тэмцээнд оролцохоор болжээ. Тэрээр Солонгос үндэстэн, нэрт дуучин Виктор Цойн дурсгалыг хүндэтгэн Виктор нэр болсон байна.
“Сочи-2014” бол зохион байгуулагч орны хувьд олон давуу тал байсан. Тиймээс Виктор Анд бүгдийн итгэлийг алдалгүй ЯЛАЛТ байгууллаа. Виктор Аныг Сочигоос медаль хүртсэний дараа БНСУ-ын удирдлагууд тамирчнаа гомдоож, гадагшаа алдахгүй байх талаар анхаарах ёстойг зөвлөжээ.
“Сочи-2014”-с алтан медаль хүртсэний дараа Виктор Ан: “2008 онд гэмтэл авсан дараа их хүнд байлаа. Мөсөн талбайд гараагүй байсан тэр үед би спортоо орхихыг хүсээгүй. Бэртэл эдгэсний дараа талбайд эргэн ирэх сайхан байсан. Тухайн үед ОХУ-аас санал ирж, түүнийг зөвшөөрсөн минь өнөөдөр алдаагүйг харууллаа. Бид энэ хугацаанд маш их хөдөлмөрлөсөн. Дахин энэ агшныг мэдрэх гэж их хүлээлээ. Найман жилийн турш би энэ мөчийг л хүлээсэн юм.” гэжээ.
“Сочи-2014” наадмын шорт-трект эмэгтэйчүүдийн 1000 м, багийн буухиа 3000 м, эрэгтэйчүүдийн 500 м, багийн 5000 м-ийн уралдаан үлдээд байна. Урьдчилсан тэмцээн маргааш эхлэх юм.