-Нүүрсний салбар уналтад орлоо, үнэ ханш нь буурснаас нүүрснээс олдог орлого буурлаа гэсэн таагүй мэдээллүүд хөвөрсөөр байна. Харин салбарын хүний хувьд та хэрхэн харж байна вэ?
-Нүүрсний салбар ихээхэн өргөжиж байна. Хуучин бол тус салбар улс орныг түлшээр хангах чиг үүрэгтэй явж ирсэн бол сүүлийн жилүүдэд үүрэг, оройл нэмэгдэж байна. Мэдээж, эхний ээлжинд дулааны цахилгаан станцууд болон албан байгууллага, айл өрхийг түлш, дулаанаар хангах үүрэг байж таарна. Хоёрдугаарт, нүүрсийг экспортод гаргаж, борлуулан улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх үүргийг нүүрсний салбарынхан хүлээж байгаа. Дараагийн дугаарт, нүүрсийг боловсруулж, химийн бүтээгдэхүүн гаргах боллоо. Нүүрснээс шингэн түлш гаргаж, нефтийн бүтээгдэхүүнийг орлуулах, хий гаргаж түлэх, үүнээс улбаалан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үүргийг давхар үүрэх болж байна. Энэ бүхнийг дотоод гадаадын хөрөнгө оруулагчдад таниулахад “Coal Mongolia-2014” чухал нөлөөтэй.
-Энэ жилийн хувьд нүүрсний экспортын үнэ ханш өсөх хандлага байна уу. Яавал нүүрснийхээ үнийг өсгөх вэ?
-Дэлхий дахинд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш бууралттай байна. Өнгөрсөн онд Хятадад нүүрс нийлүүлэх гэсэн улс орнууд улам олширсон нь нүүрсний үнэ ханшид онцгой нөлөөлж байгаа. ОХУ, Индонези, АНУ, Канад улсууд нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх хүсэл сонирхолтой болсон. Австралийн хувьд ч хуучин зах зээлээ эзлэх, улмаар өргөжүүлэхийг чухалчилж байна. Энэ бүгдээс үүдэн Хятадын зах зээлд нүүрсний үнэ өсөх бус буурч байна. Нийлүүлэлт нэмэгдэхээр үнэ ханш буурдаг нь зах зээлийн хууль шүү дээ. Хятадын хувьд ч үнээ улам бууруулахыг л хичээх нь мэдээж. Тиймээс энэ онд нүүрсний өснө гэсэн найдлага бага байна. Хэт бага үнээр нүүрсээ борлуулахыг бид хүсэхгүй байгаа.
-Эрчим хүчний нүүрсний үнийг нэмэх тухай яригдаж байсан. Нэмэгдсэн үү?
-Эрчим хүчний нүүрсний үнэ ханшийн асуудлыг Эрчим хүчний зохицуулах газар хариуцдаг. Өнгөрсөн оны сүүлчээр эрчим хүчний нүүрсний үнийг бага хэмжээгээр нэмэгдүүлсэн. Гэхдээ өртөг нөхөх хэмжээнд хүрээгүй.
-Монголын нүүрс бусад орноос нийлүүлж буй нүүрснээс юугаараа онцлог вэ. Давуу талыг нь сурталчилж, экспортыг нэмэгдүүлэх боломж байна уу?
-Улс орнуудын нийлүүлж буй нүүрсэнд сул тал, давуу талын аль аль нь бий. Бүх талаараа давуу байх юм бол тэр нь монополь байдлыг бий болгоно шүү дээ. Монголоос нийлүүлж буй нүүрсний хувьд давуу тал нь гэвэл хөрс хуулалт багатай байхын дээр Тавантолгойн нүүрс бол чанар сайтай, Хятадын хилд ойрхон зэрэг давуу тал бий. Харин манай нүүрсний өртгийг өсгөдөг сул тал нь тээвэрлэлт. Бусад улсад ч сайн муу тал аль аль нь бий. Тиймээс давуу талаа сурталчилж экспортыг нэмэгдүүлнэ гэж амлаж чадахгүй байна. Энэ онд бид 31,4 сая тонн нүүрс экспорлохоор төлөвлөсөн. Оны эхний сард 1,2 сая тонныг экспортолж гаргасан. Төлөвлөсөндөө хүргэхийн тулд нүүрсний салбарынхан чармайн ажиллаж байна. Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахдаа жилд дунджаар 50 сая тонн нүүрс экспортлохоор санамж бичиг байгуулсан. Тэгэхээр энэ жилээс экспортын хэмжээ бага боловч нэмэгдэх болов уу гэсэн хүлээлт байна. Урьд нь хоёр орны Засгийн газрын хэмжээнд албан ёсны баримт бичиг байгаагүй болохоор энэ удаагийн санамж түлхэц өгөх байх.
-БНХАУ-ын “Чалко” компанийн өрийг нүүрс нийлүүлэлтээсээ төлж барагдуулж дууссан уу?
-Хараахан дуусаагүй байна. Энэ нь үнэ ханшийн бууралттай ч холбоотой.