УИХ намрын чуулганы хугацаанд 30 хуулийн төсөл хэлэлцэн батлах ёстой байснаас 19 хуулийн төслийг баталж чадаагүй байна. Үүнээс УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс 22 хуулийн төсөл өргөн барьсан бөгөөд гурван хуулийн төслийг баталжээ. УИХ дахь МАН-ын бүлгээс өргөн барьсан хуулийн төслүүд дотор Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болох, төрийн хүнд суртал, чирэгдлийг багасгах, ЖДҮ-ийг дэмжих, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, цалин, тэтгэврийн нэмэгдэл, оюутан болон олон хүүхэдтэй эхчүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг тусгасан хуулийн төсөл байсныг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо. УИХ-аас Засгийн газарт 23 асуулга тавьсны 13 нь МАН-ын бүлгийн гишүүд тавьсан бөгөөд МАН-ын гишүүдийн асуулгын тавд нь хариулт өгч, үлдсэн асуулгад хариулт өгөхгүй 65-299 хоног болсон байна. Өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газраас цөөнхий бүлэгт ялгавартай хандаж, МАН-ын бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй, тавьсан асуулгад хариу өгөхгүй байсар ирснийг МАН-ын бүлгийн дарга мөн онцолсон.
МАН-ын зүгээс Засгийн газрын дэмжиж ажилласныг онцолсон. Засгийн газраас УИХ-д 12 хуулийн төсөл өргөн барьсныг дэмжиж батлуулжээ. Тухайлбал, “Оюутолгой” ХХК-д гурван тэрбум ам.долларын хөнгөлөлт үзүүдэх байсныг болиулсан, 100 мянган тонн улаан буудайг НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлөх, Засгийн газрын саналыг дэмжиж 20 мянган тонн үрийн буудай оруулж ирэх асуудлыг нэмж оруулсан байна. Мөн он дамжсан төсөвт өртгийг Засгийн газар 740 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байсныг МАН-ын бүлэг зогсоож, 243 барилгыг Үндэсний аудитын газраар шалгуулахаар болж, улсын төсвийн өрийн хэмжээг ДНБ-ийн 60 хувь болгох бодлогыг таслан зогсоох зэргээр Засгийн газрын “алдаа”-г засч ажилласан гэлээ. МАН-ын бүлгээс Засгийн газрын зарим үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн байна. Тодруулбал, МАН-ын бүлгээс цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэхийг шаардсан боловч зөвхөн тэтгэврийг 20-27 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. МАН-ын бүлгийн зүгээс цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор таван хуулийн төсөл өргөн барихаар санал хүргүүлсэн боловч Засгийн газраас тодорхой хариу ирүүлээгүй байна.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэхгүй, орон тоог нэмэхгүй, төрийн бүтцийг данхайлгахгүй гэсэн боловч 2012 оны нэгдүгээр сард 121 мянга 600 төрийн албан хаагч байсныг167 мянга 800 болгосон, төрийн өмчит компаниудад ажиллаж байсан 26900 орон тоог 49600 болгож нэмэгдүүлсэн, нийт төрийн албан хаагчийн тоог 68900 орон тоогоор нэмэгдүүлсэн үзүүлэлтэй байна. Энэ нь төрийн бүтцийг данхайлгаж, том төрөөс ухаалаг төр рүү шилжих биш эсэргээрээ ажиллаж байгааг МАН-ын бүлгээс сануулсан. Өөрөөр хэлбэл, төрийн албаны орон тоог нэмэгдүүлж, төрийн албыг төрлийн алба болгосон гэлээ. Мөн төрийн албаны газар, хэлтсийн дарга нарын тоо 2008-2012 онд нийт 85 байсныг 2012-2014 онд 201 болгож нэмэгдүүлжээ. Өөрөөр хэлбэл, яамдын газар, хэлтсийн дарга нарын орон тоо 116 орон тоогоор нэмэгджээ. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар яамдын тоог зургаа, мэрэгжилтний тоо 982, газар, хэлтсийн дарга нарын орон тоог 116-аар нэмэгдүүлсэн тооцоо гаргажээ.
Шинэчлэлийн Засгийн газар дотоодын нийт бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээнд барьж ажиллах үүрэг авсан. Тэгвэл 2000 оноос хойш ДНБ-ний өсөлт нэмэгдэж, 2009 онд уналтад орсон байсан ч 2010 оноос эргэн өсөлтөд орж, 2011 онд 17,5 хувь хүрчээ. Тэгвэл шинэлэлийн Засгийн газрын үед 11,7 хувь болгож бууруулсан гэж МАН үзэж байна.Өнгөрсөн намраас эхлэн гадаад валютын нөөц хомсдолд орж, долларын ханшийн өсөлт өргөн хэрэглээний бараа төдийгүй ард түмний амьдралд хүндхэн байдал үүсгэсэн. Энэ нь МАН засаг барьж байх үе буюу 2012 онд 67,9 хувьтай байсан бол 2013 онд -52 хувьтай болж, валютын нөөц багассан нь мөн л Засгийн газрын буруу гэж үзсэн байна. Одоогоор гурван сар долоо хоногийн нөөцтэй гэсэн судалгааг МАН-ын зүгээс гаргасан байна. Засгийн газраас ДНБ-ийн өсөлтийг 18,5 хувь барихаар төлөвлөсөн ч 11,5 хувь, инфляцийг найман хувьд барина гэсэн боловч 12,5 хувь хүргэсэн нь Засгийн газрын амлалтууд биелэхгүй байгааг харуулж байгааг МАН-ын удирдлагууд сануулсан. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өр 21 жилийн өртэй тэнцэхүйц байгааг МАН-ын бүлгийн дарга онцоллоо. Тодруулбал, 1990-2011 оны хооронд нийт гадаад өр 2,2 тэрбум ам.доллар байсан бол 2012-2013 оны гадаад өр 2,1 тэрбум ам.доллар болжээ.
Энэ мэт шинэчлэлийн тодотголтой Засгийн газрыг МАН-ын зүгээс дэмжиж, алдааг нь засч, үндэсний зөвшилцлийг бэхжүүлж, парламентын ардчиллыг бэхжүүлэхээр цаашид ажиллана гэлээ.