Мөн байнгын хорооны нэр дээр иргэд, аж ахуй нэгжээс 35 албан бичиг, дөрвөн өргөдөл ирсний тухай бүрт нь шийдвэрлэсэн байна. Тус байнгын хороо нь намрын чуулганы хугацаанд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, батлуулжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “байнгын хороо хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулахад анхаарлаа хандуулж ажилласан. Тухайлбал, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл долоо, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл тав байсныг нэгтгэсэн бөгөөд хоёр хуулийг хууль санаачлагчид нь эргүүлэн татсан. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон түүнийг дагалдах хуулийн төслүүд дээр ажлын хэсэг гарган ажиллаж байна” гэлээ.
Үүнээс гадна Төрийн байгуулалтын байнгын хорооны зарим гишүүд энэ хугацаанд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, хууль сурталчлах, иргэдийн оролцоог хангах чиглэлээр хийгдэж байгаа ажилтай Төв, Хэнтий, Ховд аймаг, нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвийн ажилтай танилцаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, баг, хорооны Засаг дарга, иргэдийн нийтийн Хурлын дарга, тэргүүлэгч зэрэг нийт 300 гаруй хүнтэй уулзан санал хүсэлтийг нь сонсож, тавьсан асуултад нь хариулт өгсөн. Мөн зарим аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцсан дүнг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол гаргасны зэрэгцээ Ухаалаг төр рүү шилжих Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд тус байнгын хорооноос 2014 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа гэдгийг А.Бакей дарга хэллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан Том төрөөс ухаалаг төр рүү шилжих санаачлагын хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, тусгай төлөвлөгөө баталсан байна.