Хошин шогийнхон “Битгий шаа”

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

Хошин шогийнхон “Битгий шаа”

Би хошин урлагийн продакшн, хамтлагуудын тоглолтуудыг нэг их үздэггүй л дээ. Хааяа амралтын өдрөөр "боломж" гарвал “X-tuts”-ийн тоглолтыг л ганц нэг үздэг. Тэгэхэд ч гэсэн давтагдмал дүр, санаа маш их байдаг. Ажиглаад байхад хамтлаг болгоны жүжигчдэд нэг байнгын дүр байдаг. "Шинэ үе"-д Бооёо эмгэний дүрээр алдарт ээж болонгоо алдсан бол Ганбаа гэж царай муутай, галбиргүй охины дүр, “X-tuts”-д  Онон гэж “салтаандаа гуурстай” авгай, "Маск"-д Мөнхсайхан хэмээх ой гутам эмгэн эсвэл нэг хөдөөний том үгтэй банди болдог бол  Заанаа гэж нөхрөө нүддэг лагс биетэй авгайн дүр бүтээдэг жүжигчин бий. Бас нэг авгайн дүр бүтээдэг Асий нэртэй уг нь эрэгтэй жүжигчин бий. Бүх л продакшнид ийм эмгэн, авгай, хүүхэн, охины дүр бүтээдэг эрчүүд бий. Маш ядуухан, монгол эмэгтэйчүүдийн гоо сайхан, үзэсгэлэнг гутаасан хогийн заримдаг дүр гэсэн үг. Эрэгтэй хүний дүрд тоглосон ч доожоогүй нусгай, амьдрал байтугай өөрийгөө аваад явчих тэнхэлгүй тийм зэрэмдэг дүрийг л тэд бүтээдэг. Элэглэхийн тулд биш эмгэнэхийн тулд, ухаарлын бус гутаан доромжлохын тулд тэд бүхнээ зориулаад байх шиг.  Түүнийгээ тэгээд их л мундаг санаа мэтээр бурахыг нь ч олонтаа харлаа.

“Шинэ өнгө” бил үү “Өнгөт инээд” ч бил үү? хамтлагийнх нэрнээс илүүтэй нэг тоглолтынх нь нэрээр илүү их санаад байдаг юм. "Амьддаа бие биенээ спонсорльё" гээд… Уг нь тэр хамтлагийг үнэхээр энэ салбарт хүч үзээд барахгүйгээ мэдрээд сүүлчийн тоглолтоо ийм нэрээр тоглоод зодог тайлах нь ээ гэж бодоод үзэхгүй ч гэсэн тасалбарыг нь худалдаж авч спонсорлоод цаашдынх нь ажилд буян болдог юм бил үү гэж бодож байсан чинь миний итгэлийг талаар болгосон тэр хамтлагийн тухай үнэхээр хэлэх ч үг олддоггүй юм. Сая Валентины баяраар далимдуулаад  бүгдийг нь нэг дор үзэх боломж гарлаа. Үзлээ. Хошин урлагийн нэгдсэн тоглолт гэсэн рекламанд нь хууртагдаад очсон үзэгчдэд "арай л…" юм үзүүлсэн. Бүгд л нэгэн хэвийн цутгамал. Тэдний хэнээс нь ч шинэ санаа, шийдэл, өнцөг хараад нэмэргүй.

Харин ч ой гутам доромжлол сонссон. Нөгөө хөдөөний том үгтэй банди чинь тайзан дээрээс “АЛНА ШҮҮ” гэж айлгаад л… Нөгөө амьддаа биеэ биенээ спонсорлооч гэдэг хамтлагийн "хамгийн мундаг нь юм шиг байгаа юм" жүжигчин нь “ЧИ БИТГИЙ ШАА…” гэж сүр жавхлантайгаар тунхаглаад л…

Тэр зааланд юм ойлгохгүйгээс эхлээд ойлгох насанд хүрсэн олон хүүхдүүд байсан. Гэртээ, ер нь хүүхдүүдийнхээ дэргэд хэрэглэхээс аль болох зайлсхийдэг гудамжны хэллэгийг урлагийнхан гэж өөрсдийгөө нэрлэгсэд “алтан” гэж тодотгодог тайзан дээрээсээ торох юмгүй хэлэх нь нэг л биш ээ… Энэ нь тэгээд урлаг нь юм болов уу?

Энэ төрлийн урлаг ер нь их сонин. Уг нь нэр жанр нь бол комеди төрөлдөө хамаарах юм шиг байгаа юм. Тэгээд л үзээд суухаар инээдмийнх ч юм шиг эмгэнэлт ч юм шиг. Нэг номер нь дуусах дөхөөд л овоо нэр мушийх аядаад л байж байтал гэнэт эмгэнэлтэй ч юм шиг өрөвдөлтэй ч юм шиг шүлэг,  монолог уншаад л… Ер нь л миний үзсэн бүх номер тийм байсан. Уг нь тэр хэлэх гээд байгаа далд санаагаа хошин хэлбэрээр нь эхлээд  хэлээд байх шиг. Тэгснээ ойлгохгүй үлдсэн байж магадгүй гэж боддог юм уу? угаасаа ойлгохгүй гэж итгэсэндээ юу эсвэл тэгэх ёстой байдаг юм уу, бүү мэд… Оюуны хоосролд орчихсон үзэгчидтэй учраас ойлгохгүй гэсэндээ заавал өөрсдөө хэлж өгдөг гэж боддогтоо ч тэгдэг үү, ямартай ч тоглолтыг нь үзэхэд үнэн хэцүү, бас зовлонтой. Ер нь тэгээд ухаад ухаад юм нь гарахаа больжээ. "АЛНА ШҮҮ", "ЧИ БИТГИЙ ШАА"-нууд бол өөрсөддөө энэ үгнүүдээ хэлээд бусаддаа нэг их гай болохгүй  далд орсон нь дээр л санагдах юм. Харамсалтай нь хамгийн эрэлттэй үзвэр нь энэ төрлийнхөн. 

Инээдэм гэж ханиадам болоод уджээ. Урлагийн хошин шогийн төрөл гэдэг бол донж, мэдрэмжийг нь олж харж хийж чадахгүй бол өөрсдөө хошин шог болоод дуусдаг гэдгийг манайхан нотлоод байгаа юм даа.

Л.ХАЛИУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж