
Хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүдийн үндэсний зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, “2014 он бол “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”. Өнгөрсөн онд 79371 эх төрж, 79780 нярай мэндэлсэн нь сүүлийн 23 жилийн хамгийн өндөр төрөлттэй жил байлаа. Төрөлт 6,9 хувиар өсөж, хүн амын өсөлтийн хамгийн оргил үе болсон. Үүний зэрэгцээ бид хүн амын нийт нас баралтыг 5,9 хувиар бууруулж чадсан. Эх, нярайн эндэгдлээ ч тогтвортойгоор буурууллаа. НҮБ-аас Монгол улс хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн 2015 оны зорилтыг хангасан гэж тэмдэглэсэн нь та бидний том амжилт боллоо. Гэхдээ бид энэ амжилтандаа ханахгүйгээр Ази Номхон далайн хөрш орнуудын түвшинд хүртэл бууруулах зорилтыг тавин ажиллаж байна” хэмээн онцлов.
Хэдийгээр Монгол Улс хүүхдийн эндэгдлийн түвшин буурсан үзүүлэлттэй байгаа боловч өвчлөл эндэгдлийн дотор хөдөөгийн, алслагдсан болон амьдралын түвшин доогуур орлоготой гэр бүлийн хүүхдийн өвчлөл зонхилох байрыг эзэлж байна. Иймээс төр засаг, хамтран ажиллагч түншлэгч байгууллагууд, эрүүл мэндийн байгууллагууд, гэр бүл, хамт олны дэмжлэг, хамтын ажиллагаа, нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай болсныг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.
Төвийн бүсэд 2013 онд нийт 14,705 хүүхэд төрсөн байна. Харин Зүүн болон говийн бүсэд 0-5 хүртэлх насны 48,669, баруун бүсэд 54,537 хүүхэд байгаа бол Улаанбаатар хотод 138,352 хүүхэд буюу нийт хүн амын 11,37 хувийг эзэлж байна. Энэ нь арван хүн тутмын нэг нь 0-5 хүртэлх насны хүүхэд байна гэсэн үг юм.
Манай улсын хүн амын 38 хувь 0-18 хүртэл насны хүүхэд залуучууд, үүний 30 орчим хувийг тав хүртэл насны , 42 хувь 15 хүртэл насны хүүхдүүд эзэлж байна.
Улсын хэмжээнд дунджаар 1438 хүүхэд таван нас хүрэлгүйгээр эндэж, эндсэн хүүхдүүдийн 80 гаруй хувь нь 1 хүртэлх насандаа эндэж, тэдний 66 хувь нь төрсний эхний сардаа эндэж байна. 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд осол гэмтэл тэр дундаа ахуйн чанартай осол, уушгины хатгалгаа, гажиг хөгжил болон эрт нярайн эндэгдэл эзэлж байгаа нь эцэг, эх, асран хамгаалагчдын анхаарал халамж муу байна гэдгийг илтгэж байна гэж зөвлөгөөнд оролцогчид үзжээ.
Харин төрөх насны эмэгтэйчүүдийн дунд төрөх замын эрхтний өвчлөл ихэссэн нь эх, нярайн эндэгдлийг өсгөх эрсдлийг үүсгэх болсон байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал тавьсан илтгэлдээ хүүхдийн эндэгдлийг бууруулахад нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ болох дархлаажуулалт, хүүхдийн өвчний цогц менежментийг эрчимжүүлж, сэргээх, хөхөөр хооллох, зөв зохистой хоол тэжээл өгөх зэрэг асуудлууд чухал болохыг дурьдаад аймаг, сум, дүүрэг бүрт жигд хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулахыг захилаа. Цаашид хүүхдийн нас баралтыг бууруулах боломж байгаа. Гэрийн болон хоног болоогүй нас баралт гарах нь эх, хүүхдийн хяналт, үйлчилгээний хүртээмж чанаргүй байгааг илтгэдэг гэдгийг ч салбарын сайд сануулав. Мөн тэрээр ирэх дөрөвдүгээр сард улсын хэмжээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээнд хяналт хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаагаа ч дуулгасан.