Монголын залуучуудын холбооноос 2014 онд “Залуусаа нэгдье” уриа дэвшүүлсэн. Энэхүү уриалгын дагуу Монголд анх удаагаа “Бүтээн байгуулагч залуус” спорт өдөрлөгийг ирэх гуравдугаар сарын 4-5-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгийн санаачлагыг дэмжин “Авто замчин залуучуудын холбоо”, “Залуучуудын спортын хороо” хамтран зохион байгуулж байгаа юм. “Спирт үү, Спорт уу” аяны хүрээнд явагдаж буй энэхүү өдөрлөг нь бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа залуучуудаа урамшуулан сурталчлах, тэднийг танилцуулан нөхөрлүүлэх, уялдаа холбоог нь сайжруулах, спортлог байж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд уриалах зорилготой юм. Зохион байгуулагчдын зүгээс Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, бусад төрийн байгууллагууд болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдээс багаа бүрдүүлж оролцохыг хүссэн албан бичгийг хүргүүлээд байгаа ажээ. Спорт өдөрлөг сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, дартс гэсэн төрлүүдээр явагдах бөгөөд оролцох баг тамирчдын мэдүүлгийг маягтын дагуу эмэгтэй, эрэгтэй тус тусад нь энэ сарын 28-ныг хүртэл МЗХ-ны 413 тоотод бичгээр хүлээн авах юм байна. Дашрамд дурьдахад МЗХ энэ жил залуучуудыг бригадын зохион байгуулалтаар зам, барилга, уул уурхай, эрчим хүч зэрэг салбарын бүтээн байгуулалтад оролцуулах “Ажлын гараа” төслийн хүрээнд бүртгэл 21 аймаг 9 дүүрэгт явагдаж байгаа юм.
Д.ЦЭЭНЭ